Ирэх сард шатахууны нөхцөл байдал бүрэн хэвийн болох хүлээлттэй байна

AI хөрвүүлсэн
Ирэх сард шатахууны нөхцөл байдал бүрэн хэвийн болох хүлээлттэй байна

Шатахууны шуурхай штабаас олон улсын зах зээл дээр үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон дотоодын шатахууны хангамж, чанарын хяналтын шинжилгээний хариуг мэдээллээ. 

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нямдаваа: 

-ГХЯ-ны зүгээс олон улсын газрын тосны зах зээлийн чиг хандлагыг тогтмол тандаж, мэдээлэл авч ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын түүхий газрын тосны зах зээл дээр үнэ бага зэрэг буурч, наймдугаар сарын дунд үетэй харьцуулахад харьцангуй эерэг, тогтворжих хандлага ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, Брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 90 ам.доллароос доош орж буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн зарим улс орнуудад үүсээд байгаа геополитикийн шинж чанартай хүчин зүйлүүд болон бүс нутгийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэлтэйгээр түлш, шатахуун боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа удааширч, үйлдвэрлэл нь олон жилийн дундаж үзүүлэлтээс буурсан үзүүлэлттэй байна. Энд олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр тусдаа асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ нь түүхий газрын тосны зах зээлийн асуудал болон түүхий газрын тосыг боловсруулах буюу бэлэн түлш, шатахууны зах зээлийн асуудал.

Өнөөдөр дэлхий нийтийн хувьд бэлэн түлш шатахуун, тэр дундаа онгоцны түлшний хангамжийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг болон мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар энэ тогтворгүй нөхцөл байдал дунд болон урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй гэсэн үнэлгээ, дүгнэлт гарсан.

Монгол Улсад түлш шатахуун нийлүүлдэг зарим улс орнуудын хувьд ирэх есдүгээр сар гэхэд дотоод зах зээлээ тогтворжуулах тодорхой зорилтууд тавьж, алхмуудыг хийж байна. Өөдрөг төсөөллөөр харвал ирэх сард нөхцөл байдал бүрэн хэвийн болох хүлээлт байна. 

Үүнээс үүдэн газрын тос экспортолдог болон импортолдог орнууд стратегийн нөөц бүрдүүлэх алхмуудыг хийж, экспортын урсгалдаа хязгаарлалт тогтоох, бусад улстай тогтоосон хамтын ажиллагаандаа тодорхой хязгаарлалт хийх зэргээр экспортоо зогсоох шийдвэрүүдийг гаргаж байна.

Дэлхийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай эдийн засгийн өсөлт, түлш шатахууны зах зээлийн нөхцөл байдлаараа төсөөтэй Зүүн Өмнөд Ази болон Төв Азийн орнууд дараах хязгаарлалт, зохицуулалтуудыг хийж байна:

  • Хөгжиж буй орнууд нийтээрээ төрийн байгууллагуудын шатахууны хэрэглээг бууруулах бодлогыг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Мөн эрэлтийг бууруулах зорилгоор гэрээсээ ажиллах горимд шилжүүлэх алхмуудыг хийж байна.
  • Дэлхийн 10 гаруй улсад автомашины хөдөлгөөнийг ээлжлэн сөөлжлөх зохицуулалт хийж байна. Тухайлбал, ОХУ-ын зарим бүс нутагт улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсан. БНСУ-ын хувьд энэ оны гуравдугаар сараас эхлэн төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албаны автомашины хэрэглээг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаараар зорчуулах зохицуулалтыг хийж байна.
  • Бангладеш, Лаос зэрэг улсуудад иргэдийг хувийн машинаас татгалзаж, нийтийн тээврээр зорчихыг уриалан, дотоодын шатахууны эрэлтийг бууруулах оролдлого хийж байна.
  • Япон улсад жолооч нарт огцом хурдлахгүй байх, сул зогсолтыг багасгах, агааржуулагчийн хэрэглээг зохистой болгох зөвлөмж гаргасан. Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн орнуудад түлш бага зарцуулах ухаалаг жолоодлогын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
  • ОХУ болон Шри-Ланка зэрэг орнуудад нэг машинд олгох шатахууны хэмжээг хязгаарлах, ШТС-уудын дарааллыг ухаалаг системээр зохицуулах алхмуудыг авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд түлш шатахууны нийлүүлэлтийг хэвийн хангах чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ болон Европын зарим улсад суугаа Элчин сайдын яамд, Ерөнхий консулын газрууд холбогдох орны төрийн байгууллагуудтай яриа хэлэлцээг идэвхтэй хийж байна. Ялангуяа онгоцны түлшний нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр хийж буй хэлэлцээ тодорхой үр дүнд хүрч байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.