Гүржид 12 жилийн өмнө алга болсон хүүгийн “Фейсбүүк” хуудсанд пост нийтлэгдсэнээр хэргийг дахин шалгаж эхэлжээ
Гүрж улсын Дотоод хэргийн яамнаас 2014 онд уулархаг бүсэд аялаж яваад сураггүй алга болсон Гүрам Дадианидзегийн (Guram Dadianidze) хэргийг 12 жилийн дараа албан ёсоор сэргээн, эрэн сурвалжлах ажиллагааг дахин идэвхжүүлсэн байна. Тухайн үед ердөө 17 настай байсан хүүгийн хэргийг ийнхүү гэнэт сэргээх болсон нь олон нийтийн сүлжээнд цацагдсан шинэ видео бичлэг болон түүний ар гэрийнхний мэдэгдэлтэй шууд холбоотой ажээ.
Хэрэг явдлыг эргэн санавал, 2014 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Гүрам Дадианидзе хөршүүд болон танилуудынхаа хамт нийт 16-уулаа шашны баярт оролцохоор явжээ. Тэд Гүрж улсын Душети мужийн Квемо Млета тосгоны ойролцоо орших Ломиса сүмийн уулархаг бүсийг зорьсон бөгөөд энэ үеэр хүү сураггүй алга болсон байна. Тухайн үед эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ.

Хэргийг дахин шалгах гол сэжүүр нь олон нийтийн сүлжээнд тархсан 28 секундын архив бичлэг болсон юм. Уг бичлэгийн төгсгөлд "Намайг битгий орхиоч, гуйж байна!" эсвэл "Каха, намайг битгий орхиоч" хэмээн маш сул дуугаар хашхирах залуу эрэгтэй хүний хоолой сонсогддог байна. Хүүгийн ээж Софио Бибилашвили уг бичлэгийг сонсоод, түүнд үлдсэн дуу хоолойг өөрийн хүүгийнх нь мөн гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хууль хяналтынханд албан ёсоор илэрхийлжээ.
Мөн сонирхолтой нь 8-р сарын 18-ны орой Гурамын Facebook хуудсанд түүний нэрээр пост нийтлэгдсэн байна. Постод осетин хэлтэй төстэй “Арцыд растаг” (“цаг нь ирлээ” гэх утгатай) гэсэн үг байсан. Ээж нь уг постыг хэн бичсэнийг мэдэхгүй, цагдаагаас хариу хүлээж байгаа аж.

Үүссэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан Гүржийн цагдаагийн байгууллага Гүрам Дадианидзегийн хамгийн сүүлд харагдсан уулархаг бүсэд дахин нарийвчилсан үзлэг, нэгжлэг хийж эхлээд байна. Мөн тухайн үед хамт явсан гэрчүүдийн мэдүүлгийг дахин нягталж байгаа аж. Гэрчүүдийн анхны мэдүүлэгт дурдсанаар, Гүрам буцах замдаа ядарч туйлдсаны улмаас чулуун дээр амарч хоцорсон бөгөөд бусдадаа "Та нар түрүүлээд явж бай, би араас чинь гүйцээд очно" гэж хэлээд үлдсэн байна. Гэвч хэдхэн минутын дараа түүнийг хайхад ямар ч ул мөргүй алга болсон байжээ.
Энэхүү хэрэг дахин сэргэсэн нь олон улсын хэмжээнд ч анхаарал татаж эхэлжээ. Тухайлбал, нууцлаг бөгөөд тайлагдаагүй хэргүүдийг хэлэлцдэг "Unresolved Mysteries" зэрэг томоохон цахим форумуудад энэ сэдвийг маш идэвхтэй хэлэлцэж байна. Хэрэглэгчдийн дунд тухайн үед хамт явсан гэрчүүд болон хууль хяналтын байгууллагын зүгээс ямар нэгэн чухал баримтыг зориудаар нуун дарагдуулсан байж болзошгүй гэх сэжиг таамаг хүчтэй өрнөх болов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.