АНУ-д өсвөр насны хүү гэр бүлээ хөнөөхдөө ChatGPT ашиглажээ
АНУ-ын Массачусетс мужийн Эктон хотод 17 настай Энэтхэг гаралтай өсвөр насны хүү өөрийн ээж болон дүүгийнхээ амийг хохиосон хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх сэдэл, төлөвлөгөөгөө боловсруулахдаа ChatGPT хиймэл оюун ухааныг ашигласан болохыг прокурорын газраас тогтоожээ. Аржун Аравинд гэгч хүү наймдугаар сарын 11-ний мягмар гаргийн өдөр гэр бүлийнхээ гишүүдийг хөнөөсөн байж болзошгүй бөгөөд хэргийн газраас зугтсан ч цагдаа нарын эрэн сурвалжлах ажиллагааны дүнд баривчлагдсан байна.
Хэрэг явдал Бостон хотоос баруун зүгт 48 орчим километрийн зайд орших Эктон хотын Марта Лэйн гудамжинд байрлах гэрт нь гарчээ. Сэжигтэн хүүгийн аав гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаагаа цагдаагийн газарт мэдэгдсэнээр хэрэг илэрсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд тэдний гэрт очиж шалгахад 45 настай эх болон 14 настай эрэгтэй дүү нь амиа алдсан байдалтай олджээ. Сэжигтэн Аржун Аравинд хэрэг үйлдсэнийхээ дараа ээжийнхээ машинаар зугтсан бөгөөд цагдаа нар шөнийн турш эрэн сурвалжилсны эцэст түүнийг нэгэн автомашины зогсоолоос баривчилсан байна.
Миддлсекс тойргийн Прокурорын газраас мэдээлснээр, Аржун Аравинд нь ChatGPT чатботыг ашиглан гэр бүлээ хөнөөх "онолын санаанууд" болон "төсөөллүүд"-ийг судалж байсан нь тогтоогджээ. Тэрээр хиймэл оюун ухааны платформ дээр тусгай дүрүүд болон нөхцөл байдлуудыг зохиомжлон үүсгэж, хүчирхийлэл үйлдэх сэдлээ хэрэгжүүлэх, гэмт хэрэг үйлдэх арга замуудыг хайж байсан гэж прокурорууд буруутгаж байна. Уг баримт нь хиймэл оюун ухааныг гэмт хэрэгт хэрхэн ашиглаж байгааг харуулсан ноцтой жишээ болж байгааг албаныхан онцолжээ.
Дээрх хэрэг явдал нь технологийн салбарт хиймэл оюун ухааны аюулгүй байдлын шүүлтүүрийг чангатгах шаардлагатайг сануулж байна. ChatGPT зэрэг платформууд хэрэглэгчдийг хүчирхийлэл, бусдад хор хөнөөл учруулахтай холбоотой асуулга хайхаас сэргийлэх хамгаалалттай байдаг ч хэрэглэгчид янз бүрийн аргаар үүнийг тойрч гарах тохиолдол гарсаар байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан хиймэл оюун ухааныг аллагын шууд шалтгаан биш, харин гэмт хэргийг төлөвлөхөд ашигласан зэвсэг гэж үзэж байна.
Одоогоор Аржун Аравиндыг хоёр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт албан ёсоор буруутган шүүх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.