“Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын тэмцээн Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа

“Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын тэмцээн Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа

Монголын дугуйн болон холын зайн гүйлтийн спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын тэмцээн 2026 оны наймдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Цонжинболдог орчимд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан тус олон улсын тэмцээнд Монголын болон гадаадын тамирчид оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Эхний өдөр: “Yam Trail Run” гүйлтийн тэмцээн

Наймдугаар сарын 15-ны өдөр “Yam Trail Run” гүйлтийн тэмцээн дараах хоёр зайд зохион байгуулагдлаа.

  • Yam Trail Run – 75 км
  • Ten Mile Run – 16 км

Тэмцээний 75 км-ийн холын зайн ангилалд Монголын шилдэг хэт холын зайн гүйгч Ч.Зууннаст гараанаас эхлэн уралдааныг тэргүүлж, өрсөлдөгчдөөсөө илт давуу амжилтаар барианд орон, тэргүүн байр эзэллээ.

Цонжинболдог орчмын тал хээр, бартаат зам, өгсүүр болон уруу хэсгийг хослуулсан тус маршрут нь тамирчдын хурд, хүч, тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэлийг жинхэнэ утгаар нь сорьсон онцлог зам байв.

Мөн 16 км-ийн “Ten Mile Run” төрөлд мэргэжлийн болон сонирхогч тамирчид өргөнөөр оролцож, байгалийн үзэсгэлэнт замаар хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Хоёр дахь өдөр: “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026” дугуйн тэмцээн

Наймдугаар сарын 16-ны өдөр “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026” олон улсын дугуйн тэмцээн дараах хоёр зайд зохион байгуулагдлаа.

  • Gran Fondo – 142 км
  • Medio Fondo – 77 км

Тэмцээний маршрут нь Монгол орны үзэсгэлэнт тал хээр, өгсүүр, уруу болон хайрга, шороон замыг хослуулсан онцлогтой байв. Энэхүү зам нь оролцогчдын бие бялдар, техникийн ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон жинхэнэ gravel уралдаан боллоо.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Бельги Улсын олон улсын туршлагатай шүүгч Kris Van de Velde уригдан ирж ажилласан бөгөөд тэмцээний шүүлт, зохион байгуулалтыг олон улсын стандартын дагуу удирдан явууллаа.

Дугуйн тэмцээний Элит ангилалд Швейцар Улсын мэргэжлийн дугуйчин Christoph Janssen түрүүлж, тэргүүн байр эзэлсэн нь анхдугаар тэмцээний онцлох үйл явдлын нэг байлаа.

5624090438704a87958ba620ad80b1b4

Спорт, аялал жуулчлалыг хослуулсан олон улсын арга хэмжээ

“Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” тэмцээний гол зорилго нь Монгол Улсад gravel дугуй болон trail running спортыг хөгжүүлэх, олон улсын тамирчдыг Монголын байгаль, түүх, нүүдэлчин соёлтой танилцуулах, спортын аялал жуулчлалыг дэмжихэд оршсон юм.

Тэмцээний үеэр тамирчдын аюулгүй байдлыг хангах, замын чиглэл, тэмдэглэгээг байрлуулах, ус, хүнс, эмнэлгийн болон техникийн тусламжийн цэгүүдийг ажиллуулах зэрэг зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүллээ. Зохион байгуулалтын баг болон сайн дурын ажилтнууд оролцогчдод шаардлагатай тусламж, дэмжлэгийг шуурхай үзүүлэн ажиллав.

Хоёр өдрийн энэхүү тэмцээн нь зөвхөн хурд хүчний өрсөлдөөн байгаад зогсохгүй Монгол орны өргөн уудам тал нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, бартаат замын спортын гайхамшгийг дотоод, гадаадын оролцогчдод сурталчилсан онцгой арга хэмжээ боллоо.

Зохион байгуулагч, хамтрагч байгууллагууд

Зохион айгуулагч:
“Мон Отогтон” ХХК

Хамтран зохион байгуулагч:
Монголын дугуйн холбоо

Ивээн тэтгэгчид:
“Моннис Моторс” ХХК
“БОСА Холдинг” ХХК

Анх удаагийн олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгч байгууллагууд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, шүүгчид, сайн дурын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийт оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Gravel Gran Fondo Ulaanbaatar & Yam Trail Run” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Монгол Улсыг олон улсын дугуй, холын зайн гүйлт болон спортын аялал жуулчлалын шинэ чиглэл болгон таниулах зорилготой

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.