"Дуучин Г.Энэрэлд олон жил хүчирхийлүүлсэн" гэх эмэгтэй 20 сая төгрөг нэхэмжлэв

"Дуучин Г.Энэрэлд олон жил хүчирхийлүүлсэн" гэх эмэгтэй 20 сая төгрөг нэхэмжлэв

Оюунцэцэг овогтой Танан гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан "Опозит" хамтлагийн дуучин Г.Энэрэлд олон жилийн хугацаанд удаа дараа хүчирхийлүүлж, хүнд гэмтэл авсан хэмээн мэдэгджээ. 

Тэрбээр "Намайг Оюунцэцэг овогтой Танан гэдэг. Энэ нийтлэлийг бичихэд надад амаргүй байна. Олон жилийн турш болсон зүйлсээ дотроо тээж, тэвчиж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэж хичээсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр болсон бүхнийг үнэнээр нь хэлэх шаардлагатай болсон гэж үзэж байна.

Миний бие Гэрэлцогт овогтой Энэрэлд (Опозит хамтлагийн дуучин Энэрэл) удаа дараа зодуулж, үүний улмаас олон удаагийн хүнд гэмтэл авсан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ зодуулж, эгэмний яс хугарсан. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Корфорайт зочид буудалд зодуулж, аарцагны доод яс хугарч, гуяны зөөлөн эд хүндээр бяцарсан. 2023 оны 3 дугаар сард дахин зодуулж, хөлний савхан яс хугарсан. Тухайн үедээ гэмтлээ мэдэлгүй удаан явснаас болж яс буруу бороолж эдгэсэн. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүүр хэсэгтээ цохиулж, хамрын таславч муруйлттай болж, хамрын самалдаг хөөж хавдсан бөгөөд үүний улмаас хагалгаанд орох заалт хүртэл тавигдсан. Эдгээр нь зөвхөн миний биеийн хамгийн ноцтой гэмтлүүдээс дурдсан нь.

Үүнээс гадна би 20–30 орчим удаагийн зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Өөрөөр хэлбэл энэ нь нэг удаагийн маргаан, нэг удаагийн зодоон байгаагүй. Олон жилийн турш давтагдсан хүчирхийллийн улмаас миний бие эрүүл мэндээрээ хохирч, амьдралын минь хэвийн байдал алдагдсан. Би энэ хугацаанд зөвхөн биеийн өвдөлтийг тэвчээгүй. Өвдөж байсан ч хичээлээ хийх, сурах, ирээдүйгээ бүтээх гэж хичээсэн. Гэхдээ дахин дахин авсан гэмтэл, эмчилгээ, өвдөлт, айдас, сэтгэл санааны дарамт нь миний амьдралд маш хүндээр нөлөөлсөн. Суралцах, ажиллах, хэвийн амьдрах боломж минь хүртэл хязгаарлагдсан мэт санагдаж өөдийг хүртэл маш их шаналалтайгаар явж ирлээ.

Би хэн нэгнийг гүтгэх, нэр төрд нь халдах, олон нийтийг турхирах зорилгоор энэ нийтлэлийг бичээгүй. Би өөрт учирсан хохирол, хор уршгийг үнэнээр нь олон нийтэд хүргэж, шударга ёсыг хүсэж байна.Эдгээр гэмтлийн улмаас учирсан эмчилгээ, цаашдын эрүүл мэндийн асуудал, амьдралын хэвийн байдал алдагдсан байдал болон сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан үзэж, 20,000,000 (хорин сая) төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байгаа.

Би өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг мартаж, юу ч болоогүй мэт амьдрахыг олон удаа хичээсэн. Гэхдээ миний бие дээр үлдсэн сорви, буруу бороолсон яс, хагалгаанд орох шаардлагатай болсон хамар, өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа эрүүл мэндийн асуудлууд надад маш хүнд тусч байна. Би өшөө авах гэсэнгүй ээ, энэ хүнийг харлуулах ч сонирхол байхгүй, зөвхөн надад өнгөрсөнд учруулсан хохирлын мөнгөө өгнө гэсэн амлалтандаа хүрэхгүй, холбоо барихгүй байгаа учраас үүгээр дамжуулж өөрт нь хүргэх гэсэн юм. Гэр бүл болон хамаатан садан, найз нөхөд маань энэ байдлыг мэдээгүй өнгөрч байсан ба маш олон зурагнаас сонгон хамгийн олон нийтэд ил гаргаж болох зүгээр зургийн хамт нийтэллээ" гэжээ. 

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл нь /2026.03.09/ найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан юм. 

Тодруулбал, Г.Энэрэл нь өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард өөрийн найз охин болох Н-ын биед халдсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг /2026.03.09/ өдөр хэлэлцээд Г.Энэрэлийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна. 

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан зэрэгт холбогдож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.