🔴АН: Шатахууны үнийг өсгөхийн тулд нөөцийн тасалдал үүсгэсэн гэж хардаж байна
Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг “4:11” мэдээллийн цагийг энэ удаад Төрийн ордонд бус, шууд иргэдийн дундаас хийлээ. Энэ нь АН-аас өнгөрсөн даваа гарагт эхлүүлсэн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд намын удирдлагууд бүх сум, дүүрэг, орон нутагт ажиллаж, иргэдийн бодит амьдралтай танилцаж байгаатай холбоотой юм.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, иргэдийн худалдан авалт, ачаалал хамгийн их байдаг энэ үед зах, худалдааны төвүүдийн нөхцөл байдал маш хүнд байна. Иргэдийн зүгээс үнийн өсөлтөд төр засаг ямар ч бодлого хэрэгжүүлж, хамгаалалт хийж чадахгүй байгаад туйлын бухимдалтай байна.
Өнгөрсөн яг нэг жилийн хугацаанд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан нь цар тахлын үеийнхээс ч дордсон үзүүлэлт. Бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 10-15 хувиар өссөн. Сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн зээлийн хэмжээ 428 хувиар, харин сүүлийн нэг жилд 17 хувиар өсжээ. Энэ нь иргэд орлого нь хүрэхгүйн улмаас бүх хэрэглээгээ зээлээр аргацааж, зарлагаа туйлын хэмжээнд танаж байгааг харуулж байна.
Зах дээр ажиллаж, иргэдтэй уулзахад худалдагчид "Иргэд будааг 100 граммаар, махыг 200 граммаар авч байна. Мах бүтнээр нь худалдаж авах чадвартай хүн ховордсон тул зах дээр 'ясны лангуу' гэх тусдаа цэгүүд бий болсон" хэмээн ярьж байна. Энэ бол улс төржилт биш, иргэдийн амьдралд тулгараад байгаа бодит эмгэнэл юм.
АН-ын дэд дарга Н.Ганибал:
-“Монгол Улсын Засгийн газар уг нь 45 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой. Гэвч салбарын яам, сайд нарын буруу бодлогоос болж өнөөдөр түлш, шатахуун тасалдаж, үнэ нь огцом өслөө. Наадмын дараа Засгийн газар ард иргэдийг 'Амар, зугаал, хотоо чөлөөл, бензин хангалттай хүрнэ' хэмээн уриалж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үүний үр дүнд 500 км явж байгаа машин 14 хоногийн, 1000-аас дээш км явж байгаа машин бүтэн сарын шатахууны нөөцийг хэрэглэсэн. Хэрэв математик тооцоололтой, зөв зохион байгуулалттай ажилласан бол энэ намар, өвлийн хүндрэлээс сэргийлж болох байв. Харамсалтай нь, дарга нар өөрсдөө онгоц хөлөглөн наадам хэсэж, ард түмнийг зугаалганд уриалсны балгаар өнөөдөр шатахууны үнэ бараг хоёр дахин өсөх нөхцөл бүрдлээ. Энэ нь магадгүй Засгийн газар шатахууны үнийг зориудаар өсгөх гэсэн бодлого байсан уу гэж хардахад хүргэж байна.
Шатахууны хомстолоос үүдэж орон нутагт нөхцөл байдал бүр ч хүндэрсэн байна. Малчид гүний худгаас малаа услах бензингүй болж, Улаанбаатараас очсон амрагчид орон нутгийн колонкуудыг хоослоод буцжээ. Өнөөдөр хөдөөгийн иргэд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх мотоциклдоо хийх бензингүй сууж байна. Түүнчлэн, 7, 8 дугаар сард Монголбанкнаас зарласан инфляц 13 хувьтай байгаа ч, 8 дугаар сарын бодит инфляц үүнээс хол давж өсөх нь тодорхой болсон.
Үнэгүй боловсролтой гэх Монгол Улсад хүүхдээ сургуульд явуулах нь хүнд дарамт болж, иргэд арга буюу хэрэглээний зээл авч байна. Хөгжингүй орнуудад зээл нь сонголт байдаг бол манай улсад цалин, орлого нь амьжиргаанд хүрэхгүй байгаагаас зээл нь амьд үлдэх цорын ганц хэрэгцээ болж хувирчээ.
Эдгээр шалтгааны улмаас АН-ын бүлгийн гишүүд энэхүү Засгийн газрыг ажиллах чадамжгүй хэмээн үзэж, огцруулах шаардлагыг тавихаар бэлтгэж байна. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд Засгийн газар төсвийн тодотголоороо тэвчиж болох зардлуудаа танаж оруулж ирээгүй байна гэв.
АН-ын Хэрэг эрхлэх Ерөнхий газар хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган:
-“Монгол Улсад өнөөдөр баялаг бүтээгчдэд татварын таатай бодлого, ажлын байр нэмэгдүүлэх эдийн засгийн дэмжлэг үгүйлэгдэж байна. Халамжийг хавтгайруулсан бодлого биш, хүний хөдөлмөрийг үнэлж, хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжийг олгодог хөгжлийн бодлого хэрэгтэй байна. Энэ хөдөлгөөн нь АН-ын Улс төрийн зөвлөл болон Үндэсний бодлогын хорооны хамтын шийдвэрээр наймдугаар сарын 24-ний цагаан морь өдөр эхэлсэн. Бид дөрвөн хананы дунд сууж бодлого боловсруулах биш, иргэн бүр, аж ахуйн нэгж бүрт хүрч ажиллахыг зорьж байна.
Хөдөлгөөний нээлтэд 330 сум, 204 хорооны 500 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд орон нутагт 30 зохицуулагч томилогдон ажиллаж байна. АН цахим нам болсны хувьд иргэд намын гишүүнчлэлээс үл хамааран an.mn цахим хуудсаар утасны дугаараараа нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.
АН-ын 19 мянган сонгуульт гишүүд 100 мянган хүнтэй биечлэн уулзаж (гар барилдаж), нийт 1 сая иргэнд хүрч ажиллана. Иргэдээс ирсэн саналуудыг эрэмбэлж, 1000 тулгамдсан асуудлыг тодорхойлно. Үүнээс 100 гол асуудлыг шигшин гаргаж, 100 бодлогын шийдэл буюу 10 том реформыг боловсруулна.
Энэ хөдөлгөөнд улсын төсвийн нэг ч төгрөг зарцуулагдахгүй бөгөөд эхний шат нь гурван сарын хугацаатай үргэлжилнэ. АН-ын зүгээс эрх баригч залуу улс төрчдөд хандан “Ах нарынхаа эрх ашгийг хамгаалдаг манаач нь биш, эх орныхоо хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг хайртай хүү нь байгаач” гэж уриалж байна гэв.
АН-ын зүгээс Засгийн газарт дараах шаардлагуудыг тавьж байна.
- Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх: Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл 10 хоног хэлэлцсэнгүй, хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай.
- Данхар бүтцийг цомхотгох, 20 сайдыг цөөлөх: Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрээд байхад ердөө 1.4 их наядын хооронд зохицуулалт хийсэн дүр үзүүлж байгаа нь ард түмнийг доромжилсон хэрэг юм. Тиймээс данхар бүтцээ янзалж, 20 сайдын тоог яаралтай цөөлөхийг шаардаж байна.
АН-ын бүлэг УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьж, улс орноо зөв голдиролд нь оруулахын төлөө бусад эрүүл саруул улс төрчидтэй нэгдэн ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.