МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж байна

МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж байна.  

Хурлаар Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа. 
 
Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна. 
 
Төр бүсээ чангалж 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” гэсэн юм. 
 
Төсвийн хуулиар есдүгээр сарын 1-ээс өмнө ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Иймд Засгийн газар төсвийн төслөө намын бүлэгтээ танилцуулж, хэлэлцүүлж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.