Ираны эсрэг дайныг дэмжих иргэдийн тоо буурч, Трампын рейтинг доод түвшинд хүрэв
АНУ-ын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг дэмжих иргэдийн тоо буурч, энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Ройтерс болон Ипсос агентлагийн наймдугаар сарын 24-нд нийтэлсэн санал асуулгын дүнгээр, АНУ-ын насанд хүрсэн иргэдийн ердөө 31 хувь нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжиж байна. Харин Трампын үйл ажиллагааг дэмжих иргэдийн түвшин 33 хувьтай гарсан нь түүний бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтүүдийн нэг болжээ.
Дайныг дэмжих Бүгд найрамдах намын дэмжигчдийн тоо мөн буурсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус намын дэмжигчдийн 77 хувь нь цэргийн ажиллагааг зөвтгөж байсан бол энэ удаа 69 хувь болж буурчээ. АНУ болон Израилын Иранд хийсэн агаарын цохилтоор хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн удаан үргэлжилнэ гэж иргэдийн дийлэнх нь үзэж байна.
Судалгаанд оролцогчдын 83 хувь нь дайн тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэж хариулжээ. Мөн Ираны газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ болон үүнээс үүдсэн эдийн засгийн дарамт иргэдийн санаа зовнилыг нэмэгдүүлж байна. Иргэдийн дайныг дэмжих хандлага буурсан нь арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах намд хүндрэл учруулж болзошгүй байна.
Судалгаанд оролцсон бие даасан сонгогчдын 33 хувь нь Ардчилсан намыг, 19 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжихээ илэрхийлжээ. Ройтерс болон Ипсосын судалгаанд АНУ-ын 1,215 насанд хүрсэн иргэнийг хамруулсан бөгөөд алдааны магадлал 3 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.