КОП17 хуралд 70 гаруй улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ.
Дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даррга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид оролцлоо.
17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг тодотгож, хурлаас бодит үр дүн хүлээж байгаагаа цохон тэмдэглэлээ.
Тус хуралд Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Тарья Халонен, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нар Өндөр түвшний сегментийн нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Энэ долоо хоногоос эхэлж буй Сайд нарын түвшний арга хэмжээнд тус конвенцод нэгдсэн 170 орчим улсын өндөр түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглаад байна.
Тэдгээрийн дотор 70 гаруй улсын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид, мөн НҮБ, түүний системийн байгууллагууд, бусад олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн чухлыг илтгэж байна.
Энэхүү өндөр түвшний долоо хоногт Бага хурлын албан ёсны яриа хэлэлцээ үргэлжлэхийн зэрэгцээ Санхүү, Ус, Газар ба хүн төвт өдөр, Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс зэрэг сэдвийн хүрээнд Сайд нарын түвшний сэдэвт хэлэлцүүлэг болон тусгай арга хэмжээнүүд болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.