"Саудел" хар салхи Окинава болон Амами арлуудыг чиглэн ойртож байна
Японы өмнөд хэсгийн Окинава болон Амами мужийг чиглэн "Саудел" (мөн Филиппинд "Обет" гэж нэрлэсэн, 18 дугаартай) хэмээх хүчтэй хар салхи ойртож байгаа тул тус бүс нутагт онцгой байдал зарлаад байна.
Наймдугаар сарын 24-ний даваа гаргийн өглөөний байдлаар уг хар салхи баруун, баруун хойд зүгийг чиглэн цагт 35 километрийн хурдтайгаар урагшилж байгаа бөгөөд Окинавагийн арлуудыг дайран өнгөрөх магадлалтай байна.
Одоогийн байдлаар "Саудел" нь 3-4 дүгээр зэрэглэлийн хүчтэй хар салхины ангилалд багтаж байна. Салхины төв хэсгийн агаарын даралт 940 гектопаскаль байгаа бөгөөд тогтвортой салхины хурд секундэд 56-59 метр (цагт 204-213 километр) хүрч, зарим үед секундэд 65 метр хүртэл ширүүсэж байна. Мөн хар салхины төв орчимд далайн давалгааны өндөр 14 метрт хүрч байгаагаас гадна хүчтэй салхины хамрах хүрээ нь төвөөсөө 315 километр хүртэлх нутаг дэвсгэрийг хамран тэлжээ.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр хар салхи мягмар гаргийн өглөө Окинава мужийн Минами Дайто арлуудад ойртох төлөвтэй байна. Үүний дараа мягмар гаргийн шөнөөс лхагва гаргийн өглөө хүртэл Окинавагийн арлуудыг дайран өнгөрч, лхагва гаргийн өглөө гэхэд Кумежима арлын орчимд хүрэх ажээ. Улмаар лхагва гаргийн үеэр Окинавагийн гол арал болон Амами Ошимагийн баруун хойд зүг рүү шилжин, Зүүн Хятадын тэнгис рүү чиглэх бөгөөд баасан гаргийн сүүлээр Тайванийн хойд хэсгийг чиглэн суларч, Хятадын зүүн эрэгт хүрэх төлөв гарчээ.
Байгалийн аюулт үзэгдэлтэй холбогдуулан Минамидайто бүс нутагт хар салхины аюулаас сэрэмжлүүлэх дохиог ажиллуулж эхэлсэн бөгөөд ойрын 24 цагийн дотор хүчтэй салхи шуурга дэгдэхийг анхааруулжээ. Окинавагийн бусад арлуудад мягмар гаргийн шөнөөс эхлэн аюултай салхи шуурга шуурч эхлэх тул сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Хар салхины нөлөөгөөр тус бүс нутгуудад 150-250 миллиметр, зарим хэсэгт 350 миллиметрээс давах хэмжээний их хэмжээний хур тунадас унах бөгөөд хүчтэй далайн давалгаа, үер усны аюул нүүрлээд байна.
Эх сурвалж:
• unn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.