🔴Б.Дашпүрэв: Орон нутагт шатахууны түгээлтийг хэвийн хэмжээнд хүргэхээр ажиллаж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, импорт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
-Энэ сарын 1-нээс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс хилийн боомтуудаар нийт 50,787 тонн автобензин импортоор хүлээн авсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон цистерн буюу 2,520 тонн АИ-92 төрлийн бензинийг хүлээн авч, холбогдох өртөөнүүдэд буулган түгээлтийг хийсэн.
Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад (ШТС) 1,345 тонн, орон нутгийн 150 ШТС-д 1,216 тонн бүтээгдэхүүн тус тус түгээгдээд байна. Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд замд нийт 149 вагон цистерн буюу 9,000 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон шатахууны шуурхай штаб өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллалаа. Өмнө нь орон нутгийн 70-80 ШТС-д түгээлт хийж байсан бол энэ тоог 105 болгож нэмэгдүүлсэн.
Наймдугаар сард баталгаажсан тоо хэмжээг богино хугацаанд шахаж авахаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийж байна. Мөн БНХАУ-аас авч буй бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа. Шингэн шилжүүлэн ачих байгууламж дээр УБТЗ богино хугацаанд сэлгээ хийж, шилжүүлэн ачилт хийснээр эхнээсээ Улаанбаатар хотод орж ирээд байна.
ОХУ-аас наймдугаар сард нийлүүлэхээр тохирсон бүтээгдэхүүний хэмжээ эхэндээ багаар тогтсон байсан. Салбарын сайд биечлэн ажиллаж, хэмжээг нэмэгдүүлэн захиалгад оруулж, татан авалтыг хийж эхэлсэн. Мөн Оросын талын үйлдвэрүүд 2-3 хоног ачилт бага хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд нөөц асар их багасаж, бүх түвшиндээ доголдол үүссэн.
ШТС-ууд дээр өглөө, оройдоо харилцан адилгүй байна. Зарим ШТС дээр дунджаар 10-20 машин, харин АИ-92 (Евро-2, Евро-5) төрлийн бүтээгдэхүүн авахтай холбоотойгоор 40-50 машины оочир үүссэн тохиолдлууд байна. Орон нутгийн зарим ШТС-д 7-10 хоног, заримд нь бүр 20 хоног орлого очоогүй байсан учраас алс хязгаар нутаг руу түгээлтийг хэвийн хэмжээнд хүргэхээр ажиллаж байна.
БНХАУ-аас авч буй бүтээгдэхүүн Улаанбаатарт эхнээсээ орж ирж байгаа тул орон нутгийн хангамж удахгүй хэвийн болно.
Орон нутгийн хэрэглээ харьцангуй бага байдаг. Нийслэл хот өдөрт 1,000 тонн хэрэглэдэг бол орон нутаг нийтдээ мянган тонныг хэрэглэдэг. Захын нэг суманд 10-20 тонн бүтээгдэхүүн буулгахад олон хоногийн хэрэглээ болдог. Тиймээс аж ахуйн нэгжүүд маань 5-6 сум руу 1-2 машинаар түгээлт гаргахад л богино хугацаанд нөхцөл байдал сайжрах боломжтой. Гэхдээ Улаанбаатар хотын оочирлолт 100 хувь арилаагүй байгаа тул хотын ШТС-ууд руу их хэмжээний түгээлт гаргаж байгаа нь орон нутгийг шууд хэвийн болгоход тодорхой хугацаа шаардаж байна.
ОХУ-аас нийт 4,860 тонн Евро-5 (К5) төрлийн бүтээгдэхүүн, БНХАУ-аас 6,000 тонн Евро-5 төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор энэ хэсэг хугацаанд Евро-5 төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нэлээд өндөр байна. Цаашид Евро-2 төрлийн бүтээгдэхүүний захиалга баталгаажсан тул тасралтгүй орж ирнэ. Алслагдсан нутагт тээврийн зардал өндөр тул орон нутаг руу илүү хямд үнэтэй Евро-2 төрлийн бүтээгдэхүүнийг түгээх бодлого барьж байна.
Хяналтын хувьд, Монгол Улсаар нэвтэрч буй бүтээгдэхүүнийг гааль дээр гарал үүслээр нь мэдүүлж, НӨАТ болон бусад татварыг үнийн суурь дээр үндэслэн төлдөг. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын хяналтын лаборатори ажиллаж байна. Зарим аж ахуйн нэгжүүд Евро-2-ын саваа цэвэрлэж, хошууг нь өөрчлөн Евро-5-ын сав болгож байгаа тохиолдол бий. Иргэдийн дунд "Евро-5 гэж Евро-2-ыг зарж байж магадгүй" гэх эргэлзээ байгаа. ШТС-ууд дээр ажиллаж, лабораторийн шинжилгээ хийн, үр дүнг нь иргэдэд ил тод танилцуулахыг салбарын сайд үүрэг болгосон.
ОХУ өөрөө бүтээгдэхүүний хомстолд орж, Энэтхэг, Беларусь зэрэг улсаас импорт хийж байна. Дайны нөхцөл байдлаас шалтгаалж томоохон агуулахууд бөмбөгдөлтөд өртөж, дэд бүтэц нь доголдож байна. Ойрх Дорнодын нөхцөл байдал ч тогтворгүй байна. Ийм нөхцөлд 100 хувийн амлалт өгөхөд төвөгтэй. Гэхдээ бид импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхээр БНСУ, Малайз, Сингапур, БНХАУ, Беларусь, Казахстан, ОХУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. ГХЯ болон холбогдох Элчин сайдууд бүгд хичээн ажиллаж байна. Дэлхий даяар боловсруулах үйлдвэрүүд доголдсоноос түүхий тосны үнэ тогтвортой байгаа ч бэлэн бүтээгдэхүүний үнэ өндөр, хомсдолтой байна. Бид бүтээгдэхүүн өгөх боломжтой бүх газраас авахаар ажиллаж байна.
Боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажил эрчимтэй урагшилж, тодорхой үр дүнгүүд гарч байна. УИХ-аас гадаад зээлийн асуудлыг шийдвэрлэж, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг сайжруулсан. Үйлдвэрийг түүхий тосоор хангахтай холбоотой аж ахуйн нэгжүүдэд үүссэн хүндрэлийг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлсэн. Үүний үр дүнд хайгуулын компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, олборлолтоо нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна.
Өмнө нь бид тонныг нь 705 ам.доллароор тогтмол авч байсан бол сүүлийн гурван сар дараалан үнэ 30 гаруй хувиар нэмэгдсэн тул үнэ нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ ОХУ-ын талтай уулзсаны үр дүнд зах зээлийн өндөр үнэд хүргэхгүйгээр харьцангуй бага үнээр импортолж байна. Өнгөрсөн саруудад үнэ 50-80 ам.доллароор нэмэгдсэн. Энэ сарын 25-нд шинэ үнэ гарна. Бид Оросын талд үнийг нэмэхгүй, одоо байгаа цэгт нь барих хүсэлтийг тавьж ажиллаж байна.
"Бүтээгдэхүүнгүй хоосон сав байна" гэх шүүмжлэл байгаа ч олон улсын нөхцөл байдал тогтвортой, үнэ харьцангуй бага байх үед бид гурван сарын нөөц бүрдүүлж авдаг болох юм. Ингэснээр дотоодын аялал жуулчлалын улирал эхлэхэд, эсвэл ОХУ-ын үйлдвэрүүд засварт орох үеэр үүсдэг улирлын чанартай доголдлыг хямралгүй даван туулах боломжтой болно.
Үүнтэй залгаад 2028 он гэхэд боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, савны хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улс шатахууны хараат бус байдалд шилжиж, үнийн огцом хэлбэлзэл, хомстолд орохгүй байх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар бид зөвхөн нэг сарын л нөөц хадгалах хүчин чадалтай байгаа бөгөөд үүнийг 2028 он гэхэд гурван сарын нөөцтэй болгох зорилт тавин ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.