Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Зүүн Үзэмчин хошуутай хамтарна
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Консулын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Эрдэнэсамбуу 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр Зүүн Үзэмчин хошуунд ажиллаж, тус хошууны Засаг даргын орлогч Рэнг Шаоянтай уулзлаа.

Уулзалтаар Зүүн Үзэмчин хошууны нутаг дэвсгэрт зорчиж, ажиллаж, худалдаа эрхэлж буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдтэй холбоотой асуудал болон онцгой нөхцөл байдал үүссэн үед Консулын газарт шуурхай мэдээлэх, консулын туслалцаа үзүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Талууд Монгол Улсын иргэн осол, гэмт хэрэг, зөрчил болон бусад онцгой нөхцөл байдалд өртсөн тохиолдолд шуурхай мэдээлэл солилцож, холбогдох байгууллагууд хооронд шууд хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, мөн гэмт хэрэг, зөрчил, залилан болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд шаардлагатай сэрэмжлүүлэг, хууль тогтоомж, аюулгүй байдлын мэдээллийг хүргэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн хил орчмын нутаг дэвсгэрт хээрийн түймэр, байгалийн гамшиг болон бусад онцгой нөхцөл байдал үүссэн үед харилцан шуурхай мэдээлэх, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум–Зүүн Үзэмчин хошууны харилцааг идэвхжүүлэх, Бичигт–Зүүнхатавч боомтоор иргэд зорчих, тээврийн хэрэгсэл болон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.