Иран улс Хятадаас агаарын хамгаалалтын зөөврийн систем худалдан авна
Иран улс ойрын долоо хоногуудад Хятад улсад үйлдвэрлэсэн агаарын хамгаалалтын зөөврийн пуужингийн системийг (MANPADS) анх удаа хүлээн авахаар бэлтгэж байна.
Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний улмаас суларсан агаарын хамгаалалтын сүлжээгээ сэргээх зорилгоор Тегеран уг зэвсгийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр нууц хэлэлцээрийн талаарх мэдээлэл ил боллоо. Нийт 60-70 сая ам.долларын өртөгтэй гэрээний дагуу Ираны тал 300-400 ширхэг мөрнөөс харвадаг пуужингийн систем хүлээн авах ажээ.
Хэлэлцээрийн хүрээнд Хятадын "QW-12" болон "FN-16" загварын мөрнөөс харвадаг пуужингуудыг нийлүүлэхээр заажээ. Эдгээр зэвсэг нь хөдөлгөөнт чадвар өндөртэй, хэт улаан туяаны чиглүүлэгчтэй бөгөөд нам өндөрт нисэж буй нисгэгчгүй аппарат, нисдэг тэрэг, далавчит пуужин болон тактикийн нисэх онгоцуудыг устгах зориулалттай юм. Пуужингууд нь зургаан километрийн зайд, дөрвөн километр хүртэлх өндөрт байгаа байг онох чадалтай.
Тээвэрлэлтийн маршрутын хувьд зэвсгийг Хятадын баруун хэсэгт орших Үрэмч хотоос Пакистанаар дамжуулан агаар эсвэл авто замаар Иран руу хүргэхээр төлөвлөж байгааг тагнуулын эх сурвалжууд мэдээлэв.
Хэдийгээр тагнуулын мэдээллүүд байгаа ч холбогдох орнуудын засгийн газрууд үүнийг үгүйсгэж эхэллээ. Хятадын Гадаад хэргийн яам уг мэдээллийг "ямар ч үндэслэлгүй" хэмээн няцааж, Бээжин мөргөлдөөнийг зогсоож, энх тайвныг тогтооход тогтвортой үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэж мэдэгдэв. Пакистаны цэргийн олон нийттэй харилцах алба (ISPR) мөн өөрийн улсыг зуучлагчаар оролцож байгаа гэх таамгийг "зохиомол бөгөөд худал" гэж эрс няцаажээ.
Ираны Гадаад хэргийн яам албан ёсны тайлбар хийгээгүй ч тус улсын парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Ахмад "Бид Хятадаас зэвсэг худалдаж авдаггүй, харин тэдний хиймэл дагуулын тусламжтайгаар тагнуулын систем, мэдээлэл авдаг" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.