МУГТ Б.Энх-Оргил анх удаа аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ

Холимог тулааны дэлхийн шилдэг "One Championship" холбооноос энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах "The Inner Circle 24" тулаанд МУГТ Б.Энх-Оргил дэлхийн аваргын бүсээ анх удаа хамгаална.

093e082bc30d48ea9f17e8f46e988caa

Дэлхийн аварга, МУГТ Батчулууны Энх-Оргил аваргын бүсээ анх удаа хамгаалах хариуцлагатай тулаанаа Азербайжаны ялагдаагүй яваа тулаанч Элбек Алышовын эсрэг хийнэ.

Өдгөө 37 настай монгол тулаанч өнгөрсөн 12 дугаар сард Фабрисио Андрадег буулган авснаар эх орныхоо түүхэн дэх ONE-ийн хоёр дахь дэлхийн аваргын бүсний эзэн болсон билээ. Энэхүү ялалт нь түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн 2025 оны оргил үе байсан бөгөөд тэрээр Netflix-ийн "Physical: Asia" шоунд амжилттай оролцож монгол түмнээ огшоож байлаа.

МУГТ Б.Энх-Оргилын өрсөлдөгч Алышовын хувьд 27 настай буюу манай тамирчнаас даруй 10 насаар дүү, 10 ялж 0 ялагдсан амжилттай Азербайжан тулаанч нь өрсөлдөгчөө цагаас өмнө дуусгах болон өчих техникээрээ ямар ч аваргыг сандаргах чадвартай нэгэн юм. 

Тулааны өмнө МУГТ Б.Энх-Оргил:

"Энэ удаагийн тулаанд юу ч болсон бай, амьдрал үргэлжилнэ. Энэ удаад ялбал цаашид бүсээ дахин хамгаалах болно. Хэрэв ялагдвал бүсээ эргүүлэн авахын төлөө дахиад ширүүн тэмцэнэ. Энэ бол тулаанч хүний зарчим. Тэр энэ удаад надад илүү хүчтэй өрсөлдөгч болно гэдэгтэй санал нэг байна. Ямар ч байсан би бол Дэлхийн аварга, би бүсээ хамгаалах болно."

"Би түүнийг хүчтэй өрсөлдөгч гэж хэлсэн ч өөрөө ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Түүний тулаан хийх стиль минийхтэй нэлээд ойролцоо. Тийм болохоор түүний эсрэг тулалдахад надад арай хялбар байх болно."

"Миний сэтгэл зүй зөвхөн ялалт руу чиглэж байна. Надад түүнээс илүү ялах боломж байгаа гэж би бодож байна."

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.