“Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Улаанбаатар хотод болно
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо, Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулах юм. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө.
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь Азийн Волейболын Холбооны харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны гишүүн орнуудын үндэсний шигшээ багуудын албан ёсны тэмцээн юм. Монголын шигшээ баг энэхүү тэмцээнээр Зүүн Азийн бүсийн хүчирхэг багуудтай өрсөлдөж, чанар чансаагаа тодорхойлох юм. Монголын эрэгтэй шигшээ өмнө нь хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлж байсан ба. энэ удаад нутагтаа тоглох давуу талаа ашиглан амжилтаа ахиулах боломж бүрдэж байна.
Анх 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил Улаанбаатар хотод 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Монгол Улс тус тэмцээнийг 2000, 2008, 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан бөгөөд Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжөөд эхний зуун жилээ үдэж, дараагийн шинэ зууны өнгийг тодорхойлох чухал мөчид эх орондоо энэхүү тэмцээнийг тав дахь удаагаа хүлээн авах гэж байна.
Олон улсын тэмцээн зохион байгуулна гэдэг нь дан ганц талбай дээрх тоглолтоор хэмжигдэхгүй. Шигшээ багууд, дасгалжуулагчид, олон улсын холбоод, шүүгчид, хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах нь тухайн улсын зохион байгуулалтын соёл, чанар болоод түвшин, спортын дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг харуулах боломж болдог байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.