🔴Ерөө суманд хууль бус олборлолтын 44 үйлдэл илрүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал, цахим орчинд түгээд буй мэдээлэл болон экологийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд явуулсан хяналт шалгалтын үр дүнг танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны зургаадугаар сард гаргасан албан даалгаврын дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн чиглэлийн дагуу цагдаагийн байгууллага Сэлэнгэ, Төв, Булган аймагт экологийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь газар нутгийнхаа 70 орчим хувийг уул, ой бүхий бартаатай бүс эзэлдэг бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн өмнө нь олборлолт хийж эвдэгдэн орхигдсон талбай олон байдаг нь хууль бус олборлолт гарах нөхцөл болдог байна.
Баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шалгалтын үеэр гэмт хэргийн шинжтэй 34 үйлдэл илрүүлсний 15 нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бүртгэгджээ. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарсан шалгалтаар байгаль орчныг сүйтгэж, хууль зөрчсөн нийт 44 үйлдэл илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хүрээлэн буй орчны эсрэг бүртгэгдсэн гэмт хэргийн 69 хувийг хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг эзэлдэг байна. Үүнд тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг хэтрүүлэн олборлосон, нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар олборлолт явуулсан, мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр техник, тоног төхөөрөмж ашиглан олборлолт хийсэн тохиолдлууд багтаж байгаа аж.
Хяналт шалгалтын тоо өмнөх оны мөн үеэс 61 нэгжээр буюу 25.9 хувиар өссөн бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 51.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байгааг мэдээллээ.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тооллогоор улсын хэмжээнд 31 мянга гаруй эвдэрсэн газар бүртгэгдсэн байна. "Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээний хүрээнд найман мянган га талбай нөхөн сэргээх зорилт тавьснаас есөн мянга гаруй га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Экологийн цагдаагийн алба цаашид Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Уянга зэрэг хууль бус олборлолт ихээр гардаг бүсүүдэд хяналт шалгалтыг тогтмол үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.