Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Шархад дэд төвд хэрэгжиж буй ногоон орон сууц төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр ажиллалаа. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулна. Төслийн нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Шархад дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандартаар баригдаж байгаагаараа онцлогтой. Төслийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ. Ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ. Энэхүү орон сууцны айл бүрд дулааны тоолуур суурилуулж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр дулааны хэрэглээг багасгаж, эрчим хүч хэмнэх давуу талтай юм” гэлээ.
Шархад дэд төв төслийн хүрээнд баригдаж буй орон сууц болон худалдаа, үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан. Энэ барилгыг бусадтай харьцуулахад эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байна.
Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болно. Төслийг хэрэгжүүлэхэд БЗД-ийн 16, 19 дүгээр хорооны ариутгах татуургын шугамыг өргөтгөн шинэчлэх ажил болон газар чөлөөлөлтийн асуудал тулгарч буйг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.