Гаалийнхны авлигын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Гаалийнхны авлигын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэх нь

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 6-19-ний хооронд эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тэдгээрийн дотор гаалийн байгууллагын албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргүүд багтсан байна. АТГ-ынхан өнгөрсөн хавар Замын-Үүдэд тусгай ажиллагаа явуулж, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгож байсан хэд хэдэн гаалийн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан билээ. Тэдний зарим үйлдлийг шалгаж дууссан аж.

Тухайлбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Болормаа нь гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г.Чагдаржаваас нэг бус хүний данс ашиглан нийт 10 сая төгрөгийн хахууль авсан аж. 

Улмаар БНХАУ-ын талаас манай улсын хилээр нэвтрүүлэн оруулж ирж буй ачаа, барааны гаалийн мэдүүлгийг хянаж, зөвшөөрөл шуурхай олгож байсан гэх хэрэгт холбогдсон байна. Мөн Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын хяналтын улсын байцаагч Д.Ням-Осор гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч хэмээн бүртгүүлсэн “Отгон од зам”, “Баянбүрд од групп”, “Эрдэнэс наран говь” зэрэг аж ахуйн нэгжийн автомашинуудыг бүртгэж, ажлаа хийснийхээ төлөө нэр бүхий хүмүүсээс удаа дараа 1-6 сая шахам төгрөгийн хахууль авсан хэргийн мөрдөн байцаалт дууссан гэнэ.

Тэрбээр бас олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Марин нью пост” (МНпост) ХХК-ийн захирлаас 50 сая төгрөг хахуульд авч байхдаа АТГ-ынханд баригдаж, уг аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Түүнчлэн Замын-үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Баярмаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал гэх хүнээс 800 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт ч яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.