"Улаанбаатар метро" төслийн тендерийг 10 дугаар сарын 1-нд нээнэ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах тухай” 411 дүгээр тогтоолоор “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус төсөл нь 2024-2031 онд хэрэгжих бөгөөд Толгойт–Амгалан-Улиастай чиглэлд 19.4 км урт шугам, 15 өртөө, засвар үйлчилгээний депо бүхий их багтаамжийн нийтийн тээврийн сүлжээ байх юм. Нийт 15 өртөөний 14 нь газар доорх өртөөтэй байх бөгөөд газрын түвшинд 1 өртөө, мөн метроны засвар үйлчилгээний депог барьж байгуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар метро төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг анх 2011 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Suseong инженеринг компани боловсруулсан бөгөөд 2013 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ийн (JICA) дэмжлэгтэйгээр нэмэлт судалгаа, шинжилгээг хэрэгжүүлсэн байдаг. Харин 2024 оны 7 дугаар сараас эхлэн төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co., Ltd тэргүүтэй түншлэл шалгаран, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, ажлыг хийж гүйцэтгэсэн.
Мөн төслийн Их Британийн Тээврийн яамны харьяа Crossrail International байгууллагатай стратегийн зөвлөхийн түвшинд ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус байгууллагын туршлагад үндэслэж Dohwa Engineering Co., Ltd тэргүүтэй түншлэл газарзүйн байршил, инженерийн судалгаа, ТЭЗҮ, концепцийн зураг төслүүдийг боловсруулж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан.
Төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нэгдүгээр шатыг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн бөгөөд уг шалгаруулалтад Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, БНСУ, Монгол Улсын нийт 7 улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага саналаа ирүүлсэн. Нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод зориулсан хоёрдугаар шатны тендэрийг EPC+F нөхцөлтэйгээр зарласан бөгөөд II шатны Багц 1 буюу 12.8км урт, 10 өртөө, депоны барилгатай тендэрийг 07 дугаар сарын 3-ны өдөр нээх байсан ч, хугацааг 3 сарын хугацаатайгаар сунгаж, 10 дугаар сарын 01-ний өдөр болгон хойшлууллаа.
Метроны тээвэрлэх хүчин чадал ямар байх вэ?
·Метроны 1 цуваа нь автобуснаас 13 дахин олон зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. Энэ нь цагт ойролцоогоор нэг чиглэлд 17,200 зорчигч тээвэрлэх боломжтой гэсэн үг юм.
·Метро нь 6 вагонтой нийт 19 бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг бүрэн чиглэлээр эхний өртөөнөөс эцсийн өртөө хүртэл явахад 31 минут 15 секунд зарцуулна.
·Метро нь хамгийн ихдээ 80 км/цаг хүртэл хурдтай явна. Зорчигчдыг буулгах, суулгах хугацаа орсон дундаж хурд нь 36.5 км/цаг байна.
·2040 онд хүн амын өсөлттэй уялдуулан хүчин чадлаа нэмж цувааны тоог 21 болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.