Таван шарын СТ-4-ийн оршин суугчид шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 байрны хуучин гурван давхар орон сууцыг буулган, оронд нь 240 айлын багтаамжтай, 16 давхар хос орон сууцыг барьж ашиглалтад орууллаа.
Өнөөдөр хуучин байранд амьдарч байсан 27 өрх шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан байна. Тус байр нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2016 онд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүйд тооцогджээ.
Иймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон “Гартаам Агат” ХХК хамтран дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, бүрэн цутгамал хийцтэй орон сууцны хотхоныг богино хугацаанд барьж дуусгасан байна. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дахин төлөвлөлтийн ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан эрчимжүүлж байгааг онцлоод, цаашид хэрэгжүүлэх 24 төслийн хүрээнд 5000 гаруй айлыг шинэ орон сууцанд хамруулахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.
Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө дахин төлөвлөлтийн ажлын улмаас олон жил хүлээлтэд байсан иргэдийг орон сууцтай болгох чиглэлээр нийт 24 төслийг хэрэгжүүлж байгааг дурдав.
Таван шарын СТ-4 төслийн орон сууц нь гадна талбайн гэрэлтүүлэг болон цахилгаан шатны эрчим хүчийг нарны хавтангаар шийдсэнээрээ онцлогтой. Хос 16 давхар барилгыг 11 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дахин төлөвлөлтийн бодит жишээ болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.