“БЯМБА”-ын чуулган

“БЯМБА”-ын чуулган

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж парламентын засаглалыг сонгосноос хойш 30 гаруй жил өнгөрч, эдүгээ ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ удаагийн парламент Монгол Улсын Үндсэн Хуулийн 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болж сонгуулийн холимог тогтолцоогоор бүрэлдсэн парламент гэдгээрээ онцлогтой.

Бас нэг онцлог нь УИХ-ын гурав дахь даргаа сонгосон парламент юм. УИХ-ын спикер С.Бямбацогтын хувьд гишүүдийг хуралдаандаа өндөр ирцтэй оролцуулахаар шинэчлэлүүдийг хийж, олон нийтэд гишүүдийн хуралдааны ирц ил болж, e-mongolia цахимаар иргэд хуулийн төсөлд санал өгдөг, гишүүдийн ирц оролцоог он тоолол, цаг хугацаатай нь parliament.mn-ээс харах боломжийг нээсэн ололтой хаврын чуулган боллоо.

Өөр нэг үзүүлэлт нь анхдагч хүн төвтэй, эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжсэн, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулагчдад боломж олгосон анхдагч хуулиудыг амжилттай баталж чадлаа. Хэрэгжилтэд хяналт тавих л үлдлээ. Бямба гарагт хуралдсан мэт ачаалалттай, шийдэл ихтэй чуулган байв. Бямба дарга ч өмнөх хуулиудын хийдлийг гадарлах туршлагатай улстөрчийн хувьд зарим төслүүдийг буцааж, дахин хэлэлцүүлж, сөрөг хүчний шаардлагын дагуу завсарлага өгч, ангийнхандаа үгээ хэлэх эрхийг олгож, бас хааяахан хатуу үнэнийг гишүүдэд хэлж, улстөржихөөс илүүлтэй улс орноо бодож, попрохыг цаг ямагт сануулсаар чуулганаа хаав. 

Бүл нэмж, цус сэлбэсэн” шинэ парламентаас ард түмний амьдрал, улс орны хөгжилд тустай, ардчилалд, шударга ёсонд нийцсэн олон шийдвэр гарна гэх сонгогч олны хүлээлт өндөр байгаа нь зугтах газаргүй үнэн билээ.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тоогоор хэмжих нь өрөөсгөл хэдий ч нэгэн хэмжүүр байж болох юм. Улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах ямар хууль батлав, ард түмний амьдралд үр өгөөжөө өгөхөд ямар бодлого шийдвэр, хууль тогтоол батлав гэдгээр нь үнэлж болно. 

С.Бямбацогт даргатай чуулганаар Нийгэм, эдийн засаг, эрхзүйн тулгамдсан асуудлыг бодитой тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх бодлого, эрх зүйн орчинг бий болгосон гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээс шаарддаг дүрэм журмыг цөөлөх, хөнгөвчилөх замаар эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарсан хуулиудыг хэлэлцэв. Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, татварын дарамт, ачааллыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулав. 

Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөх, 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх орлогын хэсэгт нэг хувийн татвар ногдуулахаар тусгасан. Жишээлбэл, сарын хоёр сая төгрөгийн цалинтай иргэн өмнө нь 200 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ зохицуулалтаар 12.080 төгрөг төлнө. Ингэснээр тухайн иргэний сарын орлого ойролцоогоор 187.920 төгрөгөөр, жилийн орлого 2.2 сая төгрөгөөр нэмэгдэх боломжтой болж байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, жилийн 300 сая төгрөгийн борлуулалттай жижиг дэлгүүр өмнө нь НӨАТ суутган төлөгч болох үүрэгтэй байсан бол шинэ босгоор НӨАТ суутган төлөгч болохгүй байх боломж бүрдэнэ. Энэ нь жижиг бизнесийн тайлан, баримт бүрдүүлэлт, мөнгөн урсгалын дарамтыг бууруулна. Мөн сайн үнэлгээтэй татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломжтой болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтөөр жижиг, дунд аж ахуйн нэгжийн нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж шинэ босгоор нэг хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Мөн найман тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжийн хувьд хуучин шатлалаар зургаан тэрбум төгрөгөөс давсан орлогод 25 хувийн татвар төлөх байсан бол шинэ шатлалаар 15 хувь болж, ойролцоогоор 200 сая төгрөгийн татварын ачаалал буурах боломжтой болно.

Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийг зөвхөн хариуцлага тооцох бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөж тусалдаг тогтолцоог бэхжүүлнэ. Мөн татварын өр барагдуулах ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь хаахгүй, 70 хувийг татварын өр төлөлтөд, 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үлдээх зарчим тусгагдсан. Жишээлбэл, татварын өртэй компанийн дансанд 10 сая төгрөг орж ирвэл долоон сая төгрөг нь татварын өрөнд, гурван сая төгрөг нь үйл ажиллагаанд нь үлдэнэ. Ингэснээр татварын өртэй байсан ч цалин, түрээс, бараа татан авалт зэрэг өдөр тутмын зардлыг үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү тэтгэвэр тэтгэмж, халамж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах, Эд эрхтэн шилжүүлэн суулган тухай, дөрвөн парламент дарааллан хэлэлцэж чадаагүй Гэр бүлийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай зэрэг хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлалаа. 

Ард түмний амьдрал амаргүй байгаа. Махны үнэ өслөө гээд байгаа боловч угтаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсч, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаа. Нөгөө талдаа төсвийн алдагдал ноёлж, тэтгэвэр тэтгэмж, цалин, томоохон төслүүдээ яах билээ гээд гарц шийдэл тулчихсан байгаа нь бас л бодит байдал юм.

Эл хаврын чуулганаас өмнөх хуралдаанаар хэлэлцэж баталсан хууль, тогтоолын агуулгыг харвал хуульд заасан цаг хугацаатай төсөв, санхүүгийн тухай хуулиуд, албан тушаалтан томилох, чөлөөлөхтэй холбоотой агуулга бүхий тогтоолууд зонхилж байсан. Харин хаврын чуулган үүргээ биелүүлсэн, ажилч чуулган байлаа гэж харж болох талтай. 

Тодруулбал, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар анхдагч 21 хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан 14, олон улсын гэрээ соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 35 тогтоолын төслийг баталлаа. 

Улсын Их Хурлын үйл ажиллагааны танилцуулгаас

(баталсан хууль, тогтоол)

 

Анхдагч хууль

Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Олон улсын гэрээ соёрхон батлах тухай

Улсын Их Хурлын тогтоол

2024 оны намрын чуулган

8

29

7

57

2025 оны хаврын чуулган

1

21

2

52

2025 оны намрын чуулган

5

3

4

34

2026 оны хаврын чуулган

21

14

3

35

Хууль тогтоох байгууллагын шийдвэр оновчтой биш бол ард түмний амьдрал, улс орны хөгжилд тулгамдсан олон асуудлыг шийдэх хугацаа хойшилж алдагдсан боломжийн зардал өсөж, ард түмний хүлээх хохирол үргэлжилсээр байдаг. Эх захгүй улстөржилт, талцал, хуваагдал, гацаа, мухардлын хохирогч нь улс орон, ард түмэн  болдог. Харин хариуцагч нь эрх баригч, сөрөг хүчин гэхгүй парламент л байдгийг эрхэм гишүүд ойлгож, дараа дараагийнхаа чуулганд нэгийг бодно биз ээ. Зөвд зүг нэг, зүтгэвэл хүч нэгээр төрд түмэн олноо төлөөлөх үүргээ ухамсарлаж ажиллахыг Бямба дарга хаалтын үгэндээ хэлэх байлгүй дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.