🔴О.Номинчимэг: Тамхины хяналтын тухай хуулийг ирэх намрын чуулганаар батлуулна

AI хөрвүүлсэн
🔴О.Номинчимэг: Тамхины хяналтын тухай хуулийг ирэх намрын чуулганаар батлуулна

Улсын Их Хурлын хаврын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болсон. Хуулийг эцэслэн батлах процесс намрын чуулган руу шилжиж байгаа ч хууль санаачлагчид болон ажлын хэсгийнхэн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах энэхүү хуулийг намрын чуулганаар батлуулахаа мэдэгдлээ.

Хуулийн төсөл нь өмнө нь гурван парламент дамжин хэлэлцэгдсэн боловч тамхины бизнес эрхлэгчдийн томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол, лоббины улмаас гацаж ирсэн. Энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад ч тамхины компаниудын зүгээс бодлогод нөлөөлөх, мэдээллийг мушгин гуйвуулах, хууль тогтоогчдыг гүтгэн харлуулах оролдлогууд тасралтгүй хийгдсэн талаар гишүүд хэлэв. Тамхины компаниуд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хуулийг зогсоохыг шаардсан төдийгүй хууль санаачлагчдын утсанд сүрдүүлсэн шинжтэй мессежүүд ирж байсныг энэ үеэр мэдэгдлээ. 

Монгол Улсад жилд дунджаар 4300 орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр амь насаа алдаж, өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байна. Энэ хуулийн гол концепц нь татварын бодлого болон эрх зүйн зохицуулалтаар дамжуулан ирээдүй хойч үеэ тамхины хамаарлаас хамгаалахад чиглэж байна. 

Тамхи, тамхин бүтээгдэхүүний амт, үнэрийг хориглох заалтад уламжлалт хэрэглээ болох хамрын тамхи хамаарахгүй бөгөөд үүнд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй болохыг тодотгов. Мөн 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдийг насан туршдаа тамхи хэрэглэхийг хориглох тухай анхны заалтыг хэт туйлширсан гэж үзэн, эцсийн хэлэлцүүлгээр хассан байна.

Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдсан ч анх төлөвлөсний дагуу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль санаачлагчдын зүгээс хууль албан ёсоор хэрэгжиж эхлэхийг хүлээлгүйгээр, өнөөдрөөс эхлэн 21 насанд хүрээгүй хүүхэд, залууст тамхи худалдахгүй байхыг нийт худалдаа эрхлэгчдэд уриаллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.