🔴АН: Засгийн газраас Оюутолгойн асуудлаар хийсэн мэдэгдэл болон "Рио Тинто" компанийн мэдээлэл зөрүүтэй

AI хөрвүүлсэн
🔴АН: Засгийн газраас Оюутолгойн асуудлаар хийсэн мэдэгдэл болон "Рио Тинто" компанийн мэдээлэл зөрүүтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Оюутолгой төслийн хэлэлцээрийн явц болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гишүүд Засгийн газраас Оюутолгойн асуудлаар хийсэн мэдэгдэл болон хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанийн албан ёсны мэдээлэл хоорондоо асар зөрүүтэй байгааг энэ үеэр дурдлаа. 

Засгийн газраас Оюутолгой төслийн хэлэлцээр амжилттай болж, зээлийн хүүг бууруулан, энэ ондоо багтаж ногдол ашиг авахаар тохиролцсон талаар мэдээлсэн. Гэвч хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд зээлийн хүүг бууруулсан болон энэ онд ногдол ашиг өгөх тухай ямар ч тодорхой тоо баримт, мэдээлэл тусгагдаагүй аж. 

"Рио Тинто"-гийн мэдэгдэлд "Онтрэ гоулд" компанийн эзэмшиж буй лицензийн асуудлаар ахиц дэвшил гаргаж, ойлголцолд хүрсэн тухай мэдээлэл дурдагджээ. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос гаргасан 120 дугаар тогтоолын 1.1-д "Онтрэ"-н эзэмшиж буй лиценз нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй бөгөөд Засгийн газар тусад нь арга хэмжээ авах ёстой гэж заасан. Гэтэл энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл гарсан нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 -2013 онд "Онтрэ"-н хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон хувиргасан үйл явцыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Энэ лиценз бол Монгол Улсын өмч байх ёстой. Монгол Улс өөрийн баялгийг өөр компанийн нэр дээр биччихээд түүнтэй хэлэлцээр хийнэ гэж байж болохгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, АМНАТ-ыг бууруулах гэж байгаагийн цаана асар том сонирхлын зөрчил байна. Хуулийг санаачлагч сайд Л.Дамдинямын Канад улсад суралцаж байсан түүх болон багш нар нь "Онтрэ" компанитай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг иргэдээс ирүүлснийг нягтлан, олон нийтэд нээлттэй болгоно гэв. 

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ түүхэндээ байгаагүйгээр өсчихөөд байхад манай улс АМНАТ-ыг бууруулахаар гэж байгаа нь эрсдэлтэй. Шинэ хуулийн төслөөр төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр"-ийг ганцааранг нь хашааны гадна үлдээж 21.6 хувийн АМНАТ төлүүлэхээр, харин бусад хувийн болон гадны компаниудад таван хувийн боломж олгохоор ялгаварласан зохицуулалт оруулж ирсэн байна. Мөн Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч "Пентвотер" компани мэдээлэл нуун дарагдуулсан гэх үндэслэлээр Нью-Йоркийн шүүхэд заргалдаж, "Рио Тинто"-гоос 148 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон. Гэтэл төслийн 34 хувийг эзэмшдэг Монголын тал яагаад эрх ашгаа хамгаалж дуугарахгүй, таг дуугүй байна вэ гэх асуудлыг гишүүд ярьж байна. 

Мөн баяр наадмын үеэр олон нийтийн анхаарал суларсан үеийг ашиглан "хуулийн хулгай" хийгдэх вий хэмээн сэрэмжилж, цаашид Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнээс Монголын талын хүртэх нийт өгөөжийг 53 хувиас доошгүй байлгах зарчмыг баримтлан ажиллахаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.