Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 60 гаруй га талбайг хамарч, хоёр үе шаттайгаар 5000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилга барьж байгаа бөгөөд нийт 800 айлын ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ онд 564 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Баянхошуу дэд төвийн Б13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 89 орчим хувьтай, Б13-2 талбарын 76 айлын хоёр блок орон сууцны ажил 63.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Б13-3 талбарт баригдах 126 айлын гурван блок орон сууцны зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд барилга угсралтын ажил удахгүй эхлэхээр бэлтгэл хангаж байна.
Шархад дэд төвийн хувьд нийт 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилга баригдаж байна. S27-5 талбарын 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувьд хүрч улсын комисст 2026 оны долоодугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин S27-2 талбарын А, В блокийн 76 айлын орон сууцны барилга 82 хувь, С, D блокийн ажил 57 хувь, Е, F блокийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төсөл нь Азийн хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл" салбар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Эдгээр орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын EDGE ногоон барилгын гэрчилгээтэй бөгөөд ашиглалтын зардлыг бууруулах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлогтой. Орон сууц бүр 2-3 өрөөний сонголттой, барилгын ухаалаг удирдлагын SCADA систем, айл өрх бүрийн дулааны тоолуур, халаалтын тохируулгатай. Мөн ус хэмнэлтийн шийдэл, угаалтуур болон шүршүүрийн саарал усыг цэвэршүүлэн ариун цэврийн суултуурт дахин ашиглах систем, дээврийн нарны зайн хураагуур, оршин суугчид түрээслэн ашиглах боломжтой гурван төрлийн хүлэмжийг төлөвлөсөн нь байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай орчин бүрдүүлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.