Марш тактикийн тэмцээний үеэр хоёр цэргийг дайрсан жолооч, цэргийн албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах "Марш-тактик"-ын тэмцээний үеэр хоёр байлдагч гэмтсэн харамсалтай осол гарсан. Үүссэн нөхцөл байдал болон цэргүүдийн биеийн байдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб болон Цэргийн төв эмнэлгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.
Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн захирал, дэд хурандаа Д.Нямдорж:
-Осолдсон хоёр байлдагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлсэн. Доргилтын гэмтэл авсан нэг байлдагч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, бүрэн эдгэрээд жагсаалдаа орсон. Харин хэвлийн битүү гэмтэл авсан нөгөө байлдагчид яаралтай мэс засал хийсэн. Түүний элэгний 7, 8 дугаар сегмент няцарсан байсныг мэс заслын аргаар эмчилж, цус тогтоон, цөс ялгаралтыг шалгасан. Өнөөдрийн байдлаар байлдагчийн биеийн байдал харьцангуй сайжирч, бусдын туслалцаагүйгээр босож явах, хооллох боломжтой болсон бөгөөд Цэргийн төв эмнэлэгт үргэлжлүүлэн хяналтад эмчлүүлж байна. Элэг нь нөхөн төлжих чадвартай эрхтэн тул цаашид бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд насаараа хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг нь ташаа мэдээлэл.
Хошууч генерал Ж.Өсөхбаяр:
-Ослын дараа албаны шалгалт явуулж, удирдах бүрэлдэхүүн хариуцлага алдсан, санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалж осол гарсан гэх дүгнэлт гаргасан. Үүний дагуу ажлын хариуцлага алдсан, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэх үндэслэлээр найман цэргийн албан хаагчид албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг шат шатны хариуцлага тооцсон. Мөн осол гаргасан бие бүрэлдэхүүн болон жолоочтой холбоотой асуудлыг Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.
Тус осол нь батлагдсан удирдамжийн дагуу гардан тулааны зохиомж буюу хууль бус террорист бүлэглэлтэй тэмцэх, объект чөлөөлөх үзүүлэх тоглолт хийх явцад автомашинд дайруулснаас үүдсэн. Осолдсон цэргүүд нь долоон сар алба хаасан, байлдааны техник хэрэгсэлтэй харьцах бүрэн бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн байсан. Төрийн цэргийн байгууллагуудын дунд 2007 оноос хойш зохион байгуулагдаж буй, цэргийнхний "олимп" гэгддэг тус тэмцээний үеэр урьд өмнө нь ийм осол гарч байгаагүй бөгөөд энэ нь анхны тохиолдол гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.