Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна
Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
Энэ хавар улсын хэмжээнд нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс 361.8 мянган га-д үр тариа, 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалжээ. Тариалалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан тавдугаар сарын 4-нөөс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт бүрэн дууссан байна.
Харин малын тэжээлийн тариалалт долоодугаар сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Мөн энэ онд 270.2 мянган га талбайд уринш боловсруулахаар төлөвлөснөөс одоогоор 108.9 мянган га-д эхний боловсруулалт хийгээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан төлөвөөр тариалангийн бүс нутгуудад ирэх долоо, найм, есдүгээр сард хур тунадас багатай, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа нь ургамлын өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх эрсдэлийг дагуулж болзошгүйг салбарын яам анхаарууллаа.
Үүнтэй холбогдуулан ургамал хамгааллын зөвлөмжийг тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна. “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 854 иргэн, аж ахуйн нэгжид нийт 128.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Түүнчлэн дотоодын бордоо үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малын гаралтай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэсэн бордооны туршилтыг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарт үе шаттайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 17 аймгийн 25 суманд 412 тонн тэжээлийн ургамлын үр нийлүүлснээр тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Засгийн газрын хуралдаанаас тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ургац хураалтын бэлтгэлийг хангах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат болон аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн ургац хураалтын ажлыг нэгдсэн удирдлагаар зохион байгуулах зорилгоор Ургацын комисс байгуулж ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.