БИЧЛЭГ: Тайландад өсвөр насны охиныг хөнөөж, цүнхэнд хийсэн хэрэгт Австрали эр баригджээ
Тайланд улсад 17 настай өсвөр насны охины амийг хөнөөж, цогцсыг нь чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж буй Австрали улсын иргэн, 45-46 орчим настай Саймон Питер Карман баривчлагдан, цаазын ял сонсож магадгүй болоод байна.
Паттаяа хотын Жомтиен дахь төмөр замын дагуух өвсөн дундаас охины цогцос олдсоны дараа цагдаа нар сэжигтнийг Бангкокийн Суварнабхуми олон улсын нисэх онгоцны буудлаас эх орон руугаа зугтах гэж байхад нь саатуулжээ.
Сэжигтэн Саймон Питер Карман нь Викториа мужийн Балларатаас гаралтай бөгөөд Баруун Австралид өсөж торнисон, ачааны тэрэгний жолоочоор ажилладаг байжээ. Тэрээр Тайландад ирэхээсээ өмнө зэвсэг эзэмших эрхээ цуцлуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж болон даатгалын нөхөн төлбөрөөр амьдарч байсан аж. Карман найман сарын өмнө Тайландад шилжин суурьшиж, Паттаяа хотын Жомтиен дүүрэгт сарын 479 австрали долларын түрээстэй орон сууцанд ганцаараа амьдарч байжээ.
Хяналтын камерын бичлэгээс үзвэл, 2026 оны зургаадугаар сарын 25-ны үүрээр Карман болон хохирогч охин хамтдаа түүний байр руу орсон байна.
Цагдаа нарын мэдээлснээр, тэд бэлгийн харилцаанд орохоор тохиролцсон боловч төлбөрийн асуудлаас болж маргаан үүсжээ. Тэд анх 1000 бат өгөхөөр тохирсон ч Карман ердөө 500 бат буюу ойролцоогоор 20 австрали доллар өгөхийг завдсанаас үүдэн маргаан дэгдэж, улмаар охиныг боож амийг нь хохироосон байна. Үүний дараа тэрээр хохирогчийн нүцгэн цогцсыг хар чемоданд хийн, мотоциклдоо бэхлээд төмөр замын дагуух өвсөн дунд хаясан нь камерт бичигджээ.
Хэрэг гарсны маргааш орой буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Тайландын цагдаа нар Карманыг Бангкокоос Перт рүү нисэх Jetstar-ын нислэгт суухаар оролдож байх үед нь баривчилсан байна. Түүнийг байцаасны үр дүнд хохирогчийн цогцсыг олсон бөгөөд одоогоор түүнд хүн амины хэрэг, цогцсыг нуун дарагдуулсан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хулгайлсан зэрэг хүнд хэргүүдээр яллаж байна. Хэрэв шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл Тайландын хуулийн дагуу үхлийн тариа тарьж цаазаар авах ял оноох аж.
Сэжигтэн Карман хүн амины хэргийг үгүйсгэж, өөрийгөө хамгаалсан гэж мэдэгджээ. Тэрээр охиныг мөнгөнөөс болж маргалдах үедээ гал тогооны хутга тулгаж, дээрэмдэхийг завдсан хэмээн мэдүүлсэн байна. Мөн гар, хүзүүн дээрх зурагдсан шархыг өрөөнд байсан аалзнаас болсон гэж тайлбарлажээ. Хохирогчийн гэр бүлийнхэн түүнд цаазын ял оноохыг шаардаж байгаа бөгөөд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас хоригдож буй иргэндээ консулын туслалцаа үзүүлж байгаагаа баталсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.