“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус форум нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулж, салбарын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.
Нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч нар хүнс, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Сайд Ц.Идэрбатын мэдээлснээр, 2025 оны жилийн эцсийн байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын таван хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өргөн боломж байгааг харуулж байгааг тэрээр онцолсон юм.
Форумын үеэр Монголын хөдөө аж ахуйн стратегийн санаачилгууд болон хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга хийж, “Гараас гарт” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх боломжит төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Мөн хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх материал, инноваци, биотехнологийн чиглэлээр хэрэгжих 12 хөрөнгө оруулалтын төсөл хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

Форумын хүрээнд нэмүү өртгийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, олон улсын хөрөнгө оруулагчдын шалгуур, экспортын боломж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний тогтолцоо, нүүрстөрөгчийн зах зээлийн боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн B2B уулзалтууд зохион байгуулагдаж, шинэ түншлэл байгуулах, хөрөнгө оруулалтын хэлэлцээг эхлүүлэх боломж бүрджээ.
Форумын үеэр хөрөнгө оруулалтын төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээ болон залуучуудын санаачилгыг танилцуулах үзэсгэлэн олон нийтэд нээлттэй ажиллаж байна. “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” нь салбарын тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инноваци болон олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.