Хэт халалт нь түр зуурын асуудал биш болж байгаа нь дэлхийн удирдагчдын толгойны өвчин болж байна
АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаанаас (NOAA) "Эл Ниньо уур амьсгалын хэв шинж хэдийнэ эхэлсэн бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сараас 2027 оны нэгдүгээр сарын хооронд маш хүчтэй буюу "Супер Эл Ниньо" болон эрчимжих магадлал 63 хувьтай байна" хэмээн анхаарууллаа.
Гадаад харилцааны зөвлөлийн (CFR) шинжээч болон HERA байгууллагын гүйцэтгэх захирал Кэти Бауман МакЛеод нарын хийсэн дүн шинжилгээгээр, Номхон далайн экватор орчмын усны гадаргын температур олон жилийн дунджаас 2.0°C буюу түүнээс дээш хэмээр дулаарснаар дэлхий даяар хэт халалт, байгалийн гамшигт үзэгдлийг дагуулах өндөр эрсдэлтэй байгаа аж.
Эл Ниньо уур амьсгалын хэв шинж нь дэлхийн цаг агаарын тэнцвэрт байдлыг алдагдуулж, ой хээрийн түймэр, аадар бороо, хүчтэй үер, урт хугацааны ган гачиг зэрэг гамшгийг дагуулдаг. Энэхүү хэт халалт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрс бууруулж, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Ялангуяа, энэ салбарт ажиллаж буй хоёр тэрбум гаруй хүн амьжиргааны эх үүсвэрээ алдах шууд аюулд ороод байна.
Сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд тохиосон бөгөөд энэ удаагийн дулааралт нь хүнс, эрчим хүчний эмзэг тогтолцоонд улам их дарамт учруулах төлөвтэй байна.

Хэт халалтын хор уршгийг бууруулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах шаардлагатай байгаа аж. Үүний тулд хотууд болон мужууд Хэт халалтын асуудал хариуцсан ерөнхий захирал (CHO) томилох практикийг нэвтрүүлж эхэлжээ.
Тухайлбал, АНУ-ын Майами-Дэйд тойрог, Лос-Анжелес, Феникс хотууд ийм албан тушаалыг бий болгосон бол Аризона муж улсын хэмжээнд анх удаа Хэт халалтын асуудал хариуцсан ерөнхий захирал томилсон байна. Сьерра-Леоне улсын Фритаун хот энэхүү засаглалын загварыг амжилттай хэрэгжүүлж, оршин суугчдад гар утсаар сэрэмжлүүлэг илгээх, сүүдрэвч барих, хотын хөргөлтийн төвүүдийг байгуулах зэрэг ажлыг уялдуулан зохион байгуулж байна.
АНУ болон бусад олон улс оронд хэт халалтын онцгой байдлыг зарлах нэгдсэн стандарт журам байхгүй байгаа нь үндэсний хэмжээний хариу арга хэмжээг зохицуулахад хүндрэл учруулдаг.
Одоогоор АНУ-ын Конгресст "Хэт халалтад холбооны нэгдсэн хариу арга хэмжээ авах тухай хууль" болон "Хэт халалтаас үүдэлтэй өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн төслүүд хэлэлцэгдэж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн цаг уурын байгууллага, Уур амьсгалын ногоон сан зэрэг олон талт байгууллагууд буурай хөгжилтэй орнуудад хөргөлтийн дэд бүтэц, урьдчилан сэргийлэх систем байгуулахад тусалж байгаа ч санхүүжилт хангалтгүй хэвээр байгаа тул чинээлэг орнуудын амлалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Хэт халалт нь зөвхөн түр зуурын байгалийн гамшиг биш, харин орчин үеийн амьдралын хэв маягийг тодорхойлогч байнгын хүчин зүйл болон хувирч байна. Хүн амыг хамгаалах дэд бүтэц, олон нийтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон сарын бэлтгэл шаардлагатай тул улс орнуудын эрх баригчид одооноос яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг шинжээчид сануулж байна.
Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх дасан зохицох бодлого, хөрөнго оруулалтын шийдвэрүүд нь сая сая хүний амь насыг аврах эсэхийг шийдвэрлэх болно хэмээн үзэж байна.
Эх сурвалж:
•
• cfr.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.