Малын гаралтай түүхий эд үнэгүйдэн хаягдаж, хогийн цэгт булагддаг байдлыг зогсооно

Малын гаралтай түүхий эд үнэгүйдэн хаягдаж, хогийн цэгт булагддаг байдлыг зогсооно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
 
Малын гаралтай түүхий эд үнэгүйдэн хаягдаж, хогийн цэгт булагддаг байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, дундын оролцоотойгоор шийдэх гарцыг нээжээ. 
8f2ff73e1fd848fe812c665272a52230
 
Энэ хүрээнд анхан шатны түүхий эд бэлтгэлийн анхны цэгийг Хэнтий аймгийн Чингис хотод зургаадугаар сарын 20-нд нээсэн бол өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод мөн түүхий эд бэлтгэлийн цэгийг нээжээ. Дорнод аймгийн хэмжээнд 2025 онд 57 мянган үхрийн арьс бэлтгэн нийлүүлсэн байна. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн арьснаас гадна иргэд, малчдын гар дээрх хэдэн мянган арьс, шир чанарын шаардлага хангахгүйгээс, технологийн алдаанаас болж үнэгүйдэн хаягддаг.
Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулав. "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авч анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж байгаа.
 
Мөн арьс, ширний үйлдвэрүүд сайн чанарын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гадаадаас түүхий эд авахад хүрч байгааг дурдаад малаа эрүүлжүүлж, тарилга, туулгад хамруулснаар малын гаралтай түүхий эдийн чанар сайжирч, үнэ цэн нь өснө. Үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ" гэв. 
266bf59e74a342ca820b0f648a46ad02

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.