Франц эмэгтэйг хүүхдүүдийнх нь нүдэн дээр хүчирхийлсэн этгээдүүдийн цаазын ялыг хэвээр үлдээв
Пакистан улсын Лахор хотын Дээд шүүхээс 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Франц улсын харьяат, пакистан гаралтай эмэгтэйг хүүхдүүдийнх нь дэргэд бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан хоёр этгээдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, тэдэнд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Аймшигт хэрэг 2020 оны есдүгээр сард Сиалкот болон Лахор хотыг холбосон хурдны зам дээр гарсан байна.
Хэрэг гарах үед 32 настай хохирогч эмэгтэй гурван хүүхдийн хамт шөнийн цагаар зорчиж явтал автомашиных нь шатахуун дуусч, замын хажууд зогсохоос өөр аргагүйд хүрчээ. Энэ үед зэвсэглэсэн хоёр этгээд машины цонхыг хагалан, эмэгтэйг хүүхдүүдийнх нь хамт ойролцоох талбай руу чирч оруулан, мөнгө, үнэт эдлэл, банкны картыг нь дээрэмдсэний дараа буу тулган хүчирхийлсэн байна. Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг хэргийн газраас олдсон ДНК-ийн шинжилгээ болон гар утасны байршил тогтоох өгөгдлийн тусламжтайгаар шуурхай илрүүлэн баривчилжээ.
Уг хэрэг явдал Пакистан даяар маш том эсэргүүцлийн давлагаа үүсгэж, олон улсын анхаарлыг татсан юм. Ялангуяа Лахор хотын цагдаагийн ахлах мөрдөгч, хохирогч эмэгтэйг шөнийн цагаар эрэгтэй хүнгүй ганцаараа аялсан хэмээн буруутгасан утгатай мэдэгдэл хийсэн нь олон нийтийн дургүйцлийг туйлд нь хүргэж, түүнийг албан тушаалаас нь огцрохыг шаардаж байв. Олон нийтийн хүчтэй шахалтын үр дүнд Пакистаны эрх баригчид бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжоо чангатгасан байна.
Шүүх ажиллагааны хувьд 2021 оны гуравдугаар сард Лахор хотын Терроризмын эсрэг шүүхээс гэмт этгээдүүдийг буруутай гэж үзэн цаазаар авах ял, бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураах шийдвэр гаргаж байжээ. Хоёр гэмт этгээд уг шийдвэрийг хэтэрхий хатуу байна хэмээн үзэж, мөн оныхоо гуравдугаар сард давж заалдсан байна. Таван жил гаруй үргэлжилсэн шүүх хуралдааны эцэст шүүгч нарын бүрэлдэхүүн өмгөөлөгч болон яллагч талуудын тайлбарыг сонссоны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Лахор хотын Дээд шүүхийн шийдвэрийн тухай Илон Маск өөрийн "X" цахим сүлжээндээ "Энэ бол ийм үйлдэлд тохирсон зөв шийдвэр байна. Пакистан улсын хувьд сайн хэрэг" хэмээн шүүхийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж:
• zakon.kz
• dawn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.