Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.
Малчны тухай хуулийг УИХ 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр баталсан. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчдаас дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой санал олон гарч, төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Малчны хүүхдийг сургуульд сургах, малчны мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд цахим шилжилт нэвтрүүлэх, бүтээмжийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх зохицуулалт болон Малчны хөгжлийн сангийн асуудал, эдгээрийн санхүүжилтийн талаар ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлэлцэж, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын тайлан, илтгэлийг сонсож, холбогдох лавлагаа, мэдээллийг нээлттэй авах боломжтой.
Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагдаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор энэ мэт олон асуудлыг нээлттэй ярилцах юм.
Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг мал аж ахуйн чиглэлээрх бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор хуулийн дээрх зохицуулалтын талаарх нөхцөл байдал, шаардлагын талаар сонсож, өргөжүүлэх шаардлага, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.
Малчны тухай хуулийн “… малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх” зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагджээ. Энэ мэт малчдыг дэмжих, боломж олгох 7-8 төрлийн арга хэмжээний хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг хангах гарц шийдлийн талаар нээлттэй ярилцахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.