Лонг-Айлендын цуврал алуурчинд бүх насаар нь хорих ял оноов
АНУ-ын Нью-Йорк мужийн Саффолк тойргийн Дээд шүүхээс Лонг-Айленд дахь Гилго Бич орчмоос олдсон найман эмэгтэйн амийг хөнөөсөн цуврал алуурчин Рекс Хойерманнд өршөөл үзүүлэхгүйгээр бүх насаар нь хорих ял оноолоо.
Өдгөө 62 настай, Манхэттэний архитектор асан тэрбээр олон арван жилийн турш нууцлаг, хүчирхийлэл дүүрэн амьдралаар амьдарч ирсэн бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 17-ны лхагва гарагт болсон шүүх хурлаар түүний үйлдсэн аймшигт хэргийн эцсийн шийдвэрийг ийнхүү танилцуулсан байна.
Шүүгч түүнд нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр гурван удаа бүх насаар нь хорих ял, мөн хоёрдугаар зэргийн хүн амины хэргээр 25 жилээс бүх насаар нь хорих дөрвөн удаагийн ялыг тус тус оноожээ.
Шүүх хурлын үеэр Рекс Хойерманн 2023 онд баривчлагдсанаасаа хойш анх удаа ам нээж, өөрийн бурууг хүлээсэн байна. Тэрбээр маш сул, бараг сонсогдохгүй шахам дуугаар "Өнөөдөр энэ танхимд хэлсэн бүх зүйлд би хариуцлага хүлээнэ. Миний хэлэх үг ямар ч утгагүй тул үүгээр дуусгая" гэжээ.
Шүүгч түүнээс боомилж хөнөөсөн найман гэм зэмгүй эмэгтэйн өмнө гэмшиж байгаа эсэхийг шууд асуухад тэрбээр толгой дохин "Тийм ээ, гэмшиж байна" хэмээн хариулсан байна. Гэвч шүүгч Тимоти Маззей түүнийг эрс буруушааж, "Чамайг маш том биетэй хүн гэж ярьдаг. Гэвч чи бол жигшүүртэй, өчүүхэн жижиг хүн, хэрэв чамайг хүн гэж нэрлэж болохоор бол шүү дээ. Чи бол хулчгар амьтан!" хэмээн хэлж, танхимаас даруй гаргахыг тушаахад шүүх хуралд оролцогчид алга ташин баяр хүргэжээ.

Улсын яллагч, тойргийн прокурор Рэй Тирни Хойерманныг зөвхөн өөрийгөө л боддог, ямар ч гэмшилгүй, садист цуврал алуурчин гэж тодорхойлсон байна. Мөрдөн байцаалтын явцад түүния компьютерын хатуу дискнээс хохирогчдоо хэрхэн сонгох, хөнөөх, цогцсыг нь хэрхэн устгах талаар нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг олдсон юм. Түүнчлэн Хойерманныг 2007 оноос хойш нууц утас ашиглаж байсныг мөрдөгчид тогтоосон бөгөөд 2023 оны долоодугаар сард баривчлагдах өдрөө хүртэл халаасандаа болон Манхэттэн дэх ажлын өрөөндөө нууц утаснууд хадгалж байжээ. Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу найман хохирогчийн хэрэгт цаашид давж заалдах эрхээсээ татгалзаж, Холбооны мөрдөх товчооны Төлөв байдлын дүн шинжилгээний албатай хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Шүүх хурлын үеэр амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн ар гэрийнхэн Хойерманны өмнө зогсож, сэтгэл шимшрүүлэм мэдүүлэг өгчээ. Хохирогч Мелисса Бартелемигийн дүү Аманда Фандербург түүнийг өөр рүү нь харахыг шаардаад, "Чамайг зовж шаналаасай гэж хүсэж байна" хэмээн хэлсэн байна. Тэрбээр өөрийгөө дөнгөж 15 настай өсвөр насны охин байхад Хойерманн утасдаж, эгчийг нь хөнөөсөн тухайгаа гайхан даажигнаж байсныг нулимс дуслуулан дурсжээ. Мөн өөр нэг хохирогч Меган Уотерманы охин Лилиана Уотерман ээжийгээ алга болоход есөн настай байснаа дурдаад, ээжийнхээ үхлийн тухай мэдээг гар утсаараа уншиж мэдсэн тэр мөчид дэлхий ертөнц нь орвонгоороо эргэсэн тухай ярьсан байна. Тэрбээр "Өнөөдрийн шүүх хурал болсон явдлыг хэзээ ч арилгахгүй ч шударга ёс тогтож, хариуцлага хүлээлгэж чадлаа" хэмээн онцолжээ.
Рекс Хойерманн нь 1993-2010 оны хооронд нийт найман эмэгтэйн амийг хөнөөсөн хэргээ хүлээсэн бөгөөд эдгээр аллагын долоог нь Нью-Йорк мужийн Массапекуа Парк дахь өөрийн байшингийн подвальд үйлдсэн байна. Түүний хохирогчид болох Мелисса Бартелеми, Морин Брэйнард-Барнс, Амбер Линн Костелло, Сандра Костилла, Валери Мак, Жессика Тейлор, Меган Уотерман болон Карен Вергата нарын ар гэрийнхэн ийнхүү олон жилийн дараа шударга ёсыг тогтоож чадлаа. Хойерманны эхнэр асан Аса Эллеруп болон тэдний насанд хүрсэн хоёр хүүхэд хохирогчдын гэр бүлийг хүндэтгэх үүднээс шүүх хуралд оролцоогүй байна. Энэхүү шийдвэр нь АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн, олны анхаарлыг татсан цуврал аллагын хэргийг эцэслэн шийдвэрлэж, хохирогчдын ар гэрийнхэнд бага ч болов тайвшрал авчирсан үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.