УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь хууль тогтоох үйл ажиллагааны талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Сургалтын нээлтэд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, зөвлөхүүдийн ажил нь парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, гишүүдийн бодлогын шийдвэр, иргэдтэй харилцах харилцаанд чухал үүрэгтэйг онцолсон байна.

Тэрбээр парламентын нэр хүнд, үйл ажиллагааны үр дүн нь зөвлөх, туслахуудын мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй шууд холбоотойг тэмдэглээд, мэдээллийн хүртээмж, мэргэжлийн чадавхыг сайжруулахад анхаарч ажиллаж буйгаа хэлжээ.
Мөн парламентын сахилга хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн талаар танилцуулсан байна.

Түүнчлэн зөвлөх, туслахуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа дурджээ. Сургалтын хүрээнд хуулийн төсөл боловсруулахад парламентын судалгааг ашиглах, төсвийн тооцоо хийх аргачлал, хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэх зэрэг сэдвээр мэргэжилтнүүд мэдээлэл өгөх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.