ЧУУЛГАН: Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус тус шилжүүллээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улсын нисэхийн тухай хууль / шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Гамшиг ослын үед агаарын нислэг үйлдэх, эрх зүйн орчин сайжрах, захиалгат нислэгтэй холбоотой даатгалыг иргэн болон байгууллага хариуцдаг байх зохицуулалтууд энэ хуульд туссан нь олон улсын жишигт хүрэхүйц болсон хэмээн зарим гишүүд сайшаав.
УИХ-ын гишүүн М.Мандхай нарын өргөн мэдүүлсэн төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь, зарчмыг тодорхойлох, үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд хамтран ажиллах, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай ажиллах боломжтой Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар болов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.