Жанми хар салхи Японыг дайрч онцгой байдал зарлалаа
Япон улсын баруун хэсгийн Вакаяма мужийн өмнөд эрэгт "Жанми" хэмээх энэ оны зургаа дахь хүчтэй хар салхи газардаж, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
Уг байгалийн гамшиг нь Номхон далайн эрэг дагуу зүүн хойд зүгийг буюу Токио хотын бүсийг чиглэн шилжиж байгаа бөгөөд эрх баригчид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр хар салхины төв хэсэгт агаарын даралт 980 гектопаскаль байгаа бөгөөд салхины дээд хурд секундэд 25-45 метр хүрч эрчимжжээ. Үүнтэй холбогдуулан Вакаяма мужийн Коза гол үерлэх өндөр эрсдэлтэй байгаа тул хамгийн дээд буюу тавдугаар түвшний онцгой сэрэмжлүүлэг зарлажээ.
Байгалийн гамшгийн улмаас тус улсын төв болон баруун бүс нутагт 60 мянга орчим өрх гэрэл цахилгаангүй болж, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна.
Тээврийн салбарт ч хүндрэл үүсэж, "Japan Airlines" болон "All Nippon Airways" компаниуд олон улсын болон дотоодын 900 орчим нислэгийг бүрэн цуцаллаа. Түүнчлэн Кюшю болон баруун бүсийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн саатаж, Токио орчмын зарим төмөр замын чиглэлүүдийг тодорхойгүй хугацаагаар зогсооход хүрчээ.
Хар салхины нөлөөлөл томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд шууд цохилт болж байна. Тухайлбал, "Toyota Motor" компани дотоод дахь 13 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосон бол "Suzuki Motor" компани Шизүока муж дахь таван үйлдвэрийнхээ ажлыг түр хугацаагаар хязгаарлалаа. Өмнө нь Окинава арлыг дайран өнгөрөх үедээ 15 хүнийг гэмтээсэн уг гамшиг цаашид ч эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байна.
Цаг уурчдын урьдчилсан мэдээллээр Канто-Кошин болон Токай бүс нутагт ойрын хугацаанд 24 цагийн дотор 200 миллиметр хүртэл аадар бороо орох төлөвтэй байгаа нь хөрсний гулгалт, үер усны аюулыг улам нэмэгдүүлж байна.
Эх сурвалж:
• ubn.mn
• mnb.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.