Хайгуулын цооног болон ухсан нүхийг бөглүүлж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг бөглөж аюулгүй байдлыг ханган, нөхөн сэргээсэн эсэхийг шалгаж байна.
Тодруулбал, бага насны хүүхэд 30 метр гүн цооногт унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийв. Тус компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээлж, журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуул хийхдээ эрх бүхий байгууллагад мэдэгдэхгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил гарсан байна. Мөн хайгуул өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөөгүй, хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг булж битүүлээгүйгээс хүний амь хохирох эрсдэлт нөхцөл байдал бий болгосон. Аврах үйл ажиллагааны улмаас хөндсөн талбай, хайгуулын ажлын явцад үүссэн, нөхөн сэргээгээгүй цооногуудыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгож, хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шат дараатай авч байна.

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэх, аюулгүй байдлыг хангаж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ерөнхий сайд энэ сарын 29-нд албан даалгавар гаргаж, яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн. Энэ хүрээнд салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд хууль, тогтоомжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг ЭБАҮЯ-тай хамтран байгуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.