"Старбакс Солонгос" сурталчилгааны ноцтой алдаанаас болж үндэсний хэмжээний эсэргүүцэлтэй тулгарав
Өмнөд Солонгос дахь Старбакс сүлжээ түүхэн эмгэнэлт үйл явдлуудыг доромжилсон утга бүхий маркетингийн ноцтой алдаа гаргасны улмаас үндэсний хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч, гүйцэтгэх захирлаа албан тушаалаас нь чөлөөллөө. Тус компани том хэмжээтэй аяга сурталчлах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээ нь иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, борлуулалт огцом унахад хүргээд байна.
Хэрэг явдал тус компаниас "Tank" нэртэй шинэ тамблераа танилцуулах зорилгоор "Tank Day" хэмээх урамшууллын өдрийг зарласнаар эхэлжээ. Уг арга хэмжээг 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ нь 1980 онд цэргийн дарангуйлагч дэглэм иргэдийн эсрэг танк ашиглан цуст даралт хийж байсан Гванжугийн ардчилсан бослогын эмгэнэлт ойтой давхацсан байна. Түүхэн ач холбогдолтой, гашуудлын өдөр ийм нэртэй сурталчилгаа явуулсан нь олон нийтийн зүгээс соёлын болон түүхийн мэдрэмжгүй үйлдэл хэмээн хүчтэй шүүмжлэлд өртөв.
Үүнээс гадна сурталчилгаанд ашигласан уриа лоозон байдлыг улам хурцатгасан байна. Компанийн зүгээс "Ширээг тас хийтэл цохь" гэх хэллэгийг ашигласан нь 1987 онд оюутан идэвхтэн Пак Жон Чоль цагдаа нарт эрүүдэн шүүгдэж амиа алдах үед хууль сахиулагчдын өгч байсан худал мэдүүлгийг иргэдийн ой тоонд сэдрээжээ. Дотоод хяналт шалгалтаар эдгээр сурталчилгааны үгсийг хиймэл оюун ухаан ашиглан бичүүлсэн бөгөөд маркетингийн баг түүхэн нөхцөл байдлыг огт нягтлалгүйгээр шууд баталсан болох нь тогтоогдсон байна.
Энэхүү хариуцлагагүй үйлдлийн эсрэг иргэд Старбаксын аягануудыг хагалж, дэлгүүрийнх нь гадна жагсаал зохион байгуулан, улс даяар бойкотлох хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Улс төрийн хүрээнд ч хүчтэй цуурайтаж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мюн уг сурталчилгааг хүнлэг бус, ичгүүртэй үйлдэл хэмээн хатуу буруутгасан бол засгийн газрын зарим байгууллагууд тус сүлжээтэй хамтран ажиллахаа албан ёсоор зогсоосноо мэдэгдлээ.
Үүсээд буй хямралыг намжаахын тулд Старбакс Солонгосын эзэмшигч "Shinsegae Group"-ийн дарга Чун Ён Жин олон нийтийн өмнө удаа дараа бөхийж, гүнээ уучлалт гуйсан дүрс бичлэгүүдээ цацсан юм. Түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал Сон Жон Хёнийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлж, хэрэглэгчдийн урьдчилсан төлбөрт картын үлдэгдлийг 6 дугаар сарын 1-нээс 14-ний хооронд 100 хувь ямар ч нөхцөлгүйгээр буцаан олгох шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч энэхүү түүхэн алдаа нь тус брэндийн нэр хүндэд арилшгүй хар толбо үлдээж, хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн олж авах урт хугацааны хүндхэн сорилттой нүүр тулаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.