Жендэрийн дэд зөвлөл байгуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жендэрийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцлээ.
Хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар салбарт хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийн үнэлгээг танилцуулж, иргэний нийгмийн байгууллагуудын санал зөвлөмжийг тусгасан 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг батлахаар тогтов.
Мөн Жендэрийн үндэсний хорооноос энэ оны гуравдугаар сард өрнүүлсэн “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа.

Түүнчлэн жендэрийн тэгш оролцоог дэмжих зорилгоор бусад яамдыг хамарсан салбар дундын дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.
Хуралдааны төгсгөлд Жендэрийн салбар зөвлөлийн дарга, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангах хүрээнд бүх агентлаг болон 100-аас дээш ажилтантай харьяа байгууллагуудад Жендэрийн дэд зөвлөл байгуулахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.