23 настай бүсгүйн үхэл Америкт үндэсний хэмжээний анхаарлын төвд ороод байна
Массачусетс мужийн Кантон хотод 23 настай Сандра Бирчмор гэдэг эмэгтэй амиа алдсан хэрэгт холбогдуулан цагдаагийн мөрдөгч асныг баривчилж, талийгаачийн үхлийн шалтгааныг албан ёсоор өөрчиллөө.
Анх "амиа хорлосон" гэж хаагдсан уг хэрэг холбооны мөрдөгчдийн илрүүлсэн шинэ нотлох баримтуудын дараа дахин сөхөгдөж, үндэсний хэмжээний анхаарлын төвд ороод байна.
Талийгаач 2021 оны хоёрдугаар сарын 1-нд өөрийн амьдардаг байрандаа нас барсан байдалтай олдсон бөгөөд тухайн үед гурван сартай жирэмсэн байжээ.
Орон нутгийн хууль сахиулагчид болон шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг өөрийгөө боомилж амиа хорлосон гэж анх дүгнэсэн байна. Гэвч орон нутгийн мөрдөгчдийн анзааралгүй орхисон, эсвэл хэрэгсэхгүй болгосон цахим нотлох баримтуудыг Холбооны мөрдөх товчооноос нарийвчлан шинжилснээр хэргийг дахин нээх үндэслэл болжээ.

Үхлийн шалтгааныг бүрэн өөрчилсөн гол баримт нь талийгаач болон Стоутон хотын цагдаагийн газрын мөрдөгч асан Мэттью Фарвелл нарын хооронд бичиж байсан 32 мянга гаруй мессеж байв.
Эдгээр зурвасууд нь хохирогчийг дөнгөж 15 настай, өсвөр үеийнхэнд зориулсан цагдаагийн хөтөлбөрт хамрагдаж байх үеэс эхэлсэн байжээ.
Прокуроруудын үзэж байгаагаар, Бирчмор жирэмсэн болсондоо баяртай байсан бөгөөд Фарвеллыг хүүхдийнхээ эцэг гэдгийг зарлах төлөвлөгөөтэй байжээ. Хэрэв энэ нууц задарвал Фарвеллын карьер сүйрч, бэлгийн мөлжлөгийн ноцтой хэрэгт татагдах байсан тул тэрээр гэмт хэрэг үйлдэх сэдэл болсон гэж үзэж байна.
Холбооны прокурорууд Фарвеллыг цагдаагийн тусгай бэлтгэлээ ашиглан хохирогчийг боомилж хөнөөгөөд, улмаар амиа хорлосон мэт харагдуулахын тулд хэргийн газрыг зориудаар өөрчилсөн гэж буруутгаж байна.
Энэхүү дүгнэлттэй холбогдуулан талийгаачийн нас барсны гэрчилгээг албан ёсоор өөрчилж, үхлийн шалтгааныг "тодорхойгүй" хэмээн бүртгэжээ. Одоогоор Мэттью Фарвеллийг баривчлаад байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял сонсох магадлалтай юм.

Энэхүү ноцтой хэрэг нь Бостон хотын захын дүүргүүдэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ.
Түүнчлэн Стоутон хотын цагдаагийн газрын өөр хэд хэдэн албан хаагч хохирогчтой зүй бус харилцаатай байсан нь илэрч, албан тушаалаасаа огцорчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.