Үндэстэн дамнасан цахим залилангийн бүлэглэлийг баривчлав

Үндэстэн дамнасан цахим залилангийн бүлэглэлийг баривчлав

Цахим залилангийн үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүлэглэлд элсэж, нутаг нэгтнүүдээ мэхлэн хохироож байсан 17 хүнийг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн баривчиллаа.

Манай улсын иргэд уг бүлэглэлд элсээд тэдний аргачлал, заавраар фэйсбүүкт хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулууны азтан шалгаруулах” зэрэг шууд бичлэг (live) хийж хүмүүсийг төөрөгдүүлэн залилдаг байж. Уг 17 этгээд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор ХААН банкны аппликэйшнийг хуурамчаар зохиож, Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгодог нь тогтоогдсон бөгөөд хэргээ цахимаар хилийн чанадад үйлддэг нь батлагдсан аж.

Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг 2025 оны долоодугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын “Улаан булант” зарлан мэдээлэх сүлжээгээр олон улсад эрэн сурвалжилж, албадан авчрахаар цагдаагийнхан холбогдох ажиллагааг прокурорын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.