Үнэтэй автомашинуудыг хадгалдаг элит үйлчилгээний газраас 20 гаруй машин хулгайлжээ
Францын нийслэл Парис хотын 15 дугаар дүүрэгт байрлах өндөр хамгаалалттай, үнэтэй автомашинуудыг хадгалдаг элит зогсоолоос олон тооны тансаг зэрэглэлийн автомашин хулгайлсан томоохон гэмт бүлэглэлийг хууль сахиулагчид илрүүлэн баривчилсан талаар "Le Figaro" болон дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ.
Энэхүү зохион байгуулалттай гэмт хэрэг нь 2026 оны тавдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 03:30 цагийн орчимд Эйфелийн цамхагаас 10 минутын зайд орших элит үйлчилгээний зогсоолд гарсан байна.
Гэмт хэрэгтнүүдийн үйлдэл маш нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд баг өмссөн 15-50 орчим хүн халдлагад оролцжээ.
Тэд автомашины түлхүүр болон бүртгэлийн бичиг баримтууд хадгалагдаж байсан компанийн оффисын хаалгыг эвдэн оржээ. Улмаар, хурууны хээгээр нэвтэрдэг, биечилсэн эргүүл бүхий өндөр хамгаалалттай гэгдэх тус зогсоолоос тансаг зэрэглэлийн машинууд цуваа үүсгэн нэг цагийн дотор гэрчүүдийн нүдэн дээр гарч явсан нь олныг цочирдуулсан үйл явдал болжээ.

Уг хэргийн улмаас нийт 21-ээс 27 ширхэг үнэтэй автомашин алдагдсан бөгөөд тэдгээрийн дунд Porsche, Ferrari, Maserati, Lamborghini, Aston Martin зэрэг алдартай брэндүүдийн загварууд байжээ. Хулгайлагдсан автомашинуудын нийт өртгийг хоёр сая еврогоор үнэлсэн байна.
Цагдаагийн байгууллага хулгай гарснаас хойш 24 цагийн дотор эхний сэжигтнүүдийг саатуулсан ч бүлэглэлийн гишүүдийг өргөн цар хүрээтэйгээр баривчилсан талаарх албан ёсны мэдээллийг тавдугаар сарын 24-нд олон нийтэд зарласан байна.
Мөрдөн байцаалтын явцад гэмт бүлэглэлийн 12 гишүүнийг эхний ээлжинд баривчилсан бөгөөд хэрэгт холбоотой бусад этгээдүүдийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хууль сахиулагчид Франц улсын өнцөг булан бүрээс хулгайлагдсан 21 автомашиныг олж илрүүлжээ. Гэмт хэрэгтнүүд ДНХ-ийн ул мөрөө устгах, нотлох баримтыг үгүй хийх зорилгоор зарим автомашиныг эвдэж гэмтээсэн, эсвэл хэсэгчлэн шатаасан байжээ.
Энэхүү гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд Парис хотод гарсан хамгийн том, хамгийн нарийн зохион байгуулалттай автомашины хулгайн хэрэгт тооцогдож байна.
Уг хэрэг нь өндөр үнэтэй автомашин хадгалах элит үйлчилгээний газруудын аюулгүй байдлын системийн талаар ноцтой маргааныг нийгэмд өдөөжээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага гэмт бүлэглэлийн үлдсэн гишүүд болон хэргийг зохион байгуулагчдыг бүрэн баривчлахаар мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.