Залилангийн хэргээр шийтгүүлсэн тэрбумтны цүнхний цуглуулга хагас сая ам.доллароор зарагдав
Хошимин хотод Вьетнамын түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон тэрбумтан асан Чыонг Ми Лан-ы эзэмшиж байсан "Hermès Birkin" брэндийн цүнхний цуглуулгыг 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр засгийн газрын албан ёсны дуудлага худалдаагаар борлууллаа.
Уг үйл ажиллагаанаас нийт 550 мянга гаруй ам.долларын орлого төвлөрүүлсэн бөгөөд энэ нь залиланд өртсөн хохирогчдын хохирлыг барагдуулах төрийн ажлын нэг хэсэг юм.
Хошимин хотын Хөрөнгийн дуудлага худалдааны үйлчилгээний төвөөс ил тод байдлыг хангах үүднээс цахим хэлбэрээр зохион байгуулсан арга хэмжээнд 250 гаруй нэр хүндтэй цуглуулагч, санхүүчид оролцжээ.
Дуудлага худалдаанд нийт 12 ширхэг тансаг зэрэглэлийн эд зүйл тавигдсанаас хамгийн их анхаарал татсан нь 25 болон 30 хэмжээтэй, матрын цагаан арьсан хоёр ширхэг ховор "Birkin" цүнх байв. Гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө гэгдэж буй хэдий ч "Himalaya" загварын эдгээр цүнхнүүд өндөр үнэ хүрсэн нь уг брэндийн үнэ цэнэ буураагүйг харууллаа.

"Van Thinh Phat" группийн ТУЗ-ийн дарга асан Чыонг Ми Лан нь арван жилийн хугацаанд Сайгоны арилжааны банкнаас (SCB) 44 тэрбум ам.доллар завшсан хэргээр ял эдэлж байгаа юм.
Шүүх хуралдааны үеэр тэрээр нэг цүнхийг нь бэлгэнд авсан, нөгөөг нь Италиас худалдаж авсан хэмээн мэдүүлж, үр ач нартаа дурсгал болгон үлдээх хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзсан байна. Улмаар шүүхээс түүнд 27 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан бөгөөд хураагдсан хөрөнгийг зарж борлуулах нь 40,000 гаруй хохирогчийн мөнгийг буцаан олгох гол арга зам болоод байна.
Уг дуудлага худалдаа нь Вьетнамын засгийн газраас хэрэгжүүлж буй "Дүрэлзэж буй зуух" хэмээх авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын чухал үе шат болж байна.
Үүнээс өмнө 2025 оны сүүлээр Хошимин хотын төвд байрлах үл хөдлөх хөрөнгийг 600 тэрбум донг буюу 23.6 сая ам.доллароор амжилттай борлуулсан. Мөн түүний эзэмшлийн "Reverie Saigon" тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцыг өмнөх шатны шалгаруулалтаар худалдан авагч олдоогүй тул 2026 оны хоёрдугаар сард анхны үнийг нь бууруулж 49.3 тэрбум донгоор (1.9 сая ам.доллар) дахин дуудлага худалдаанд оруулжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хураагдсан гурван тансаг зэрэглэлийн автомашиныг зарах бэлтгэл ажил дуусаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.