Жэффри Эпштэйний туслах хүчирхийлэлд оролцсон байж болзошгүй гурван хүний нэр хэлжээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооноос Жэффри Эпштэйний гэмт хэргийн сүлжээг шалгах ажиллагаанд томоохон ахиц гарлаа.
Эпштэйний хувийн туслахаар олон жил ажилласан Сара Келлен хувь хүний мэдээллийг хадгалах журмын хүрээнд мэдүүлэг өгөхдөө тус хороонд өмнө нь огт бүртгэгдээгүй, хүчирхийлэлд оролцсон байж болзошгүй гурван шинэ хүний нэрийг дэлгэсэн байна.
Хяналтын хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Жеймс Комер сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, эдгээр нь мөрдөгчдийн хувьд цоо шинэ мэдээлэл болохыг онцолжээ.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дээрх гурван хүний хэн болохыг олон нийтэд зарлаагүй байна. Комер энэ удаагийн уулзалтыг тус хорооноос өнөөдрийг хүртэл явуулсан хамгийн үр дүнтэй, бодит мэдээлэл өгсөн мэдүүлэг болсон хэмээн дүгнээд, цаашдын шалгалтад чухал сэжүүр болно гэж мэдэгдэв.

Сара Келлен мэдүүлгийнхээ үеэр өөрийгөө гэмт хэргийн хамтрагч бус, харин хохирогч байсан гэдгээ батлахыг оролдож, Эпштэйнд арваад жилийн турш бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан байна.
Тэрээр Палм Бич дэх биеийн тамирын зааланд Эпштэйн цонхны хаалт буулган түүнийг түгжиж, хүчээр боомилон хүчирхийлсэн аймшигт хэргийг дурсжээ. Түүнчлэн 2008 онд Эпштэйн Флоридагийн шоронд ял эдэлж байхдаа хүртэл цахим сүлжээ ашиглан түүнтэй холбогдож, камерын өмнө хувцсаа тайлахыг шаардаж байсныг илчилсэн юм. Келлен бэлгийн хүчирхийлэлд автсаны дараа л цалингаа авч эхэлсэн бөгөөд "Надад хүчирхийлүүлэхийн тулд цалин өгдөг байсан" хэмээн мэдүүлжээ.
Энэхүү сонсгол нь холбооны засгийн газар Эпштэйн болон Гислейн Максвелл нарын хэргийг хэрхэн шалгаж байсанд хяналт тавих өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм. Келлен 2007 онд яллагдагчаар татагдаагүй ч гэмт хэргийн хамтрагч байж болзошгүй дөрвөн эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байв. Тэрээр засгийн газар өөрийнх нь үгийг сонсолгүйгээр хүчирхийлэгчтэй нууц гэрээ байгуулж, түүнийг гэмт хэрэгтэн мэтээр харагдуулсан гэж хууль тогтоогчдод гомдолложээ.
Мөрдөн байцаагчид энэ удаагийн мэдүүлгийг хэргийн явцыг өөрчлөх чухал эргэлтийн цэг гэж үзэж байна. Учир нь шалгалтын чиглэл зөвхөн олны танил хүмүүсээр хязгаарлагдахгүй, өмнө нь илрээгүй байсан цоо шинэ сүлжээ рүү чиглэх боломжтой боллоо. Хяналтын хорооны дарга Комерын мэдэгдсэнээр, тус хороо цуглуулсан баримт мэдээлэлдээ үндэслэн 2026 он дуусахаас өмнө эцсийн тайланг боловсруулж олон нийтэд танилцуулах зорилт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.