Оросын эрэн сурвалжлагдаж байсан цуврал алуурчин алдартай зохиолч байсан нь тогтоогдов
2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр нийтлэгдсэн эрэн сурвалжлах тайлангаар Оросын хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан оргодлуудын нэг Семен Ермалинскийн нас барсан болохыг албан ёсоор баталлаа.
Тэрээр арав гаруй жилийн турш Андрей Миллер хэмээх хуурамч нэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт болон аймшгийн зохиол бичин амьдарч байсан нь тогтоогдоод байна.
1987 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн Семен Ермалинский нь ОХУ болон Интерполын олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад 13 жилийн турш байжээ. Тэрээр 2000-аад оны дунд үед 16 хүний онц хэрцгий аллага, олон тооны дээрмийн хэрэг үйлдсэн Екатеринбургийн үндсэрхэг үзэлтнүүдийн Федоровичийн бүлэглэлийн гол гишүүн байсан юм. 2012 онд тус бүлэглэлийн бусад гишүүд баривчлагдах үед тэрээр үйлчлүүлэгчдээсээ байлдааны тусгай хутга хийж өгөх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгон хэдэн арван мянган ам.доллар залилан авч, улмаар Оросоос оргон зайлсан байна.
Оргон зайлсныхаа дараа тэрээр Беларусийн нийслэл Минск хотын захын хороололд нэг өрөө байр түрээслэн амьдрах болжээ. Энэ хугацаандаа Андрей Миллер гэх нэртэй болж, уран зөгнөлт болон аймшгийн уран зохиолын ертөнцөд нэр хүндтэй нэгэн болж хувирсан байна. Тэрээр "Улаан хатан хаан", "Аймшигт зуун" зэрэг роман бичиж, DARKER, Horrorzone зэрэг сэтгүүлүүдэд өгүүллэгээ хэвлүүлж байв. Мөн утга зохиолын уралдаан тэмцээн зохион байгуулж, шүүгчээр ажиллахын зэрэгцээ цахим орчинд шууд дамжуулалт хийдэг байсан ч хэзээ ч царайгаа харуулдаггүй байсан бөгөөд өөрийгөө Балтийн орнуудад амьдардаг хэмээн итгүүлдэг байжээ.
Зохиолч 2023 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ковид-19 халдварын улмаас нас барсан хэдий ч түүний жинхэнэ хэн болохыг 2026 оны тавдугаар сард л олон нийтэд дэлгэсэн байна.
Тэрээр эмнэлэгт хандвал баригдана гэхээс айж, хэдэн долоо хоногийн турш гэртээ өөрийгөө эмчлэхийг оролдсон боловч биеийн байдал нь эрс муудаж, зүрхний дутагдал болон уушгины хүнд гэмтлийн улмаас ганцаараа амьсгал хураажээ. Түүнийг хоёр долоо хоног цахим орчинд холбогдоогүйг уншигчид нь анзаарсан бөгөөд түрээсийн мөнгөө төлөөгүй тул байрны эзэн нь шалгахаар ирэхдээ цогцсыг нь олсон байна. Цагдаа нар түүний гэрээс хуурамч бичиг баримтаас гадна Оросын жинхэнэ гадаад паспортыг нь олжээ.
Оросын хууль сахиулах байгууллагын хүсэлтээр хийгдсэн ДНХ-ийн шинжилгээгээр зохиолч Андрей Миллер нь цуврал алуурчин Семен Ермалинский мөн болохыг эцэслэн баталсан юм. Түүний ээж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хүүгээ амьд гэдгийг мэдэж байсан ч цагдаа нарт барьж өгөхөөс сэргийлж олон жилийн турш уулзаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Уг цочирдом үнэнийг олж мэдсэн Андрей Миллерийн шүтэн бишрэгчид түүний оршуулгын газарт хөшөө босгох хандивын аян өрнүүлсэн бөгөөд уг хөшөөн дээр түүний жинхэнэ болон зохиомол нэрийг хоёуланг нь сийлж үлдээсэн байна.
Эх сурвалж:
• mirf.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.