БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа
БНХАУ-ын өмнөд болон төв хэсгээр үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас томоохон хэмжээний үерийн гамшиг нүүрлэж, 1000 гаруй километр талбайг хамраад байна.
Уг байгалийн гамшигт Хубэй, Хунань, Гуанши, Гуйжоу мужууд хамгийн их өртсөн бөгөөд одоогоор 21 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн ор сураггүй алга болсныг албаныхан баталлаа.
Гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд мужуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, Гуанши мужид 15 тариаланчийг тээвэрлэж явсан ачааны машин үерт автсан гол руу унасны улмаас арван хүн амиа алджээ. Гуйжоу мужийн Гуйдин тойрогт дөрвөн хүн эндэж, таван хүн сураггүй болсон бол Хунань мужийн Шимэн тойрогт 4-5 хүн, Хубэй мужийн Шуаньэн тойрогт гурван хүн тус тус амиа алдсан байна. Аврах багийнхан олон арван мянган оршин суугчийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсний дотор зөвхөн Хунань мужийн Шимэн тойргоос 19,000 гаруй иргэнийг шилжүүлжээ.

Орон нутгийн цаг уурын станцуудын мэдээлснээр зарим бүс нутагт хур тунадасны хэмжээ түүхэн дээд хязгаарт хүрсэн байна. Хубэй мужийн нэгэн тосгонд тавдугаар сарын 16-наас 18-ны хооронд 507 мм хур тунадас буусан бол Хунань мужийн Шимэн тойрогт 24-хөн цагийн дотор 339 мм бороо оржээ.
Гуйжоу мужид Жяньжян гол эргээсээ хальж, Дуюнь хот бүхэлдээ усанд автсан бөгөөд хөрсний гулгалтын улмаас уулархаг бүс нутгуудын зам гүүр эвдэрч, харилцаа холбоо тасарсан байна. Хамгийн их хохирол амссан газруудад сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Цаг уурчдын тайлбарлаж буйгаар энэхүү онцгой үзэгдэл нь Бенгалын булан, Өмнөд Хятадын тэнгис болон Номхон далайгаас тэжээгдсэн асар том, удаан хөдөлгөөнтэй агаарын урсгалтай холбоотой аж. Уг систем удаан шилжсэн нь нэг дор их хэмжээний ус хуримтлагдах үндсэн шалтгаан болсон байна.
БНХАУ-ын засгийн газраас гамшигт нэрвэгдсэн мужуудад тусламж үзүүлэх, авран хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 120-150 сая юань буюу 17.6-22 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Мөн Хунань, Гуанши, Хубэй, Чунцин, Гуйжоу мужуудад улсын хэмжээний онцгой байдлын IV зэрэглэлийг тогтоогоод байна.
Цаг уурын байгууллагаас тавдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд дахин хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа.
Энэ удаад хур тунадасны голомт зүүн тийш шилжиж, Хөх мөрний дунд болон доод урсгал дахь Жянхань, Жянхуай, Жяннань зэрэг бүс нутгийг хамрах эрсдэлтэй байна. Иймд холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, төв болон зүүн Хятадын нутаг дэвсгэрт учирч болзошгүй дараагийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.