🔴Сэтгүүлч З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 буюу “гүтгэх” заалтаар сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, дарамт үзүүлж болохгүй
Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллага, холбоодууд нэгдэж, Эрүүгийн хуульд "гүтгэх" гэмт хэргийг шинээр нэмж оруулахыг эсэргүүцсэн шаардлагыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ. Тэд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэх нэрийдлээр сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллах зүйл заалтыг олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр, яаралтай горимоор батлах гэж буйг буруутгаж байна.
Энэ талаар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:
-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу "Худал мэдээлэл тараах" заалт 2020 оноос хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлчдийг олноор нь хоморголон шалгах, хэргийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэхгүйгээр удаан хугацаанд чирэгдүүлэх байдал газар авсан. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт өөрийн цензур, айдас болгоомжлолыг бий болгож, эрх мэдэлтнүүдэд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулсан. Улмаар Үндсэн хуулийн цэцээс уг заалт нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарласан гэх дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасныг УИХ мөн оны 12 дугаар сарын 30-ны хуралдаанаараа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Цэцийн дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хасах зорилго бүхий ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Гэвч зарим УИХ-ын гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс нэр төрийг гутаах, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэх ёстой гэсэн шахалтыг ажлын хэсэгт үзүүлсээр иржээ. Харин Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) тэргүүтэй байгууллагууд сэтгүүлчийн үйл ажиллагааг эрүүгийн хэргээр яллах нь НҮБ-ын зөвлөмж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэхгүй бөгөөд нэр төр сэргээх асуудлыг Иргэний хуулиар шийдвэрлэх бүрэн боломжтой гэх байр суурийг хатуу илэрхийлж байгаа.
Эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар айлган дарамтлахыг зогсооно гэж амласан ч бодит байдал дээр "гүтгэх" гэмт хэргийг шинээр томьёолон хуульд оруулахаар зэхэж байна.
Уг хуулийн төслийг олон нийтэд ил тод байршуулаагүй бөгөөд өнөөдөр 14:00 цагт товлогдсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд хуралдааны өмнө шаардлагаа Байнгын хорооны даргад биечлэн өгөхийг хүссэн ч цаг урьдчилан товлоогүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Тиймээс салбарын төрийн бус байгууллагууд Байнгын хорооны гишүүдэд шаардлагаа танилцуулж, судалгаа шинжилгээгүй, олон нийтийн санал асуулгагүйгээр шинэ гэмт хэргийг Эрүүгийн хуульд хулгайгаар оруулахгүй байхыг шаардаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.