Автомашиныхаа ард хүний гавлын яс байрлуулан замын хөдөлгөөнд оролцжээ
Олон нийтийн цахим сүлжээнд автомашиныхаа ард хүний гавлын яс байрлуулан замын хөдөлгөөнд оролцож буй бичлэг өчигдөр нийтлэгдсэн. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Урьдчилсан шалгалтаар тухайн тээврийн хэрэгсэл нь Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээний газрын хог тээвэрлэлтийн зориулалттай автомашин болох нь тогтоогдсон байна. Тухайн автомашины жолооч болон ажилчид тус дүүргийн нутаг дэвсгэрээс хог ачих үедээ уг гавлын ясыг олж, улмаар машиныхаа ард байршуулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Хүний цогцосны үлдэгдлийг олон нийтийн газар, гудамж талбайд ил задгай авч явах нь олон нийтийг үл хүндэтгэсэн, зохимжгүй үйлдэл юм. Одоогоор цагдаагийн байгууллагаас тухайн иргэд гавлын ясыг ямар зорилгоор авсан, хог хаягдал дундаас олсон уу, эсвэл ухаж гаргаж ирсэн үү гэдгийг нарийвчлан шалгаж байна.
Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд хамаарах бөгөөд торгууль оногдуулах эсвэл баривчлах хүртэл хуулийн хариуцлагатай байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.