Сармагчингуудын тайван байдлыг алдагдуулсан хоёр америк иргэнийг баривчилжээ
Япон улсын Чиба мужийн Ичикава хотын амьтны хүрээлэнд тавдугаар сарын 17-ны ням гарагт зүй бус үйлдэл гаргасан АНУ-ын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Уг хэрэг нь цахим орчинд алдаршаад буй Панч нэртэй сармагчингийн монш болон бусад 60 орчим макака сармагчин амьдардаг бүсэд гарсан байна.
Японы цагдаагийн газраас сэжигтнүүдийг 24 настай оюутан Рэйд Жахнай Дэйсон болон өөрийгөө дуучин хэмээн танилцуулсан 27 настай Нил Жабахри Дуан нар болохыг тогтоосон байна. Хэргийн үеэр Дэйсон хашаа даван дөрвөн метрийн гүн хуурай шуудуу руу үсэрч орсон бөгөөд инээмсэглэсэн царай бүхий шар өнгийн баг, нүдний шил зүүсэн байжээ. Түүний хачирхалтай үйлдэл сармагчингуудыг ихэд цочоож, тал тал тийш үргэн зугтахад хүргэсэн бол Дуан уг үйл явцыг бүхэлд нь дүрс бичлэгт буулгасан байна.
Цахим сүлжээнд тархсан мэдээллээр тэдний болчимгүй үйлдэл нь криптовалют сурталчлах зорилготой байсан гэж таамаглаж байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд сэжигтнүүдийг амьтдад ойртохоос нь өмнө шуурхай саатуулж, хууль сахиулагчдад хүлээлгэн өгчээ.
Баривчлагдах үедээ тэд биедээ ямар нэгэн бичиг баримтгүй байсан бөгөөд нэрээ нууцлахыг оролдсон байна. Одоогоор тэднийг бизнесийн үйл ажиллагаанд хүчээр саад учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа ч сэжигтнүүд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.
Хэрэг гарсан бүсэд амьдардаг Панч нэртэй сармагчингийн монш нь эхдээ гологдсоныхоо дараа IKEA брэндийн орангутан сармагчингийн чихмэл тоглоом тэвэрч буй зургаараа энэ оны эхээр цахим сүлжээнд ихээхэн алдаршаад байсан юм. Аз болоход хэргийн улмаас ямар нэгэн амьтан бэртэж гэмтээгүй бөгөөд макака сармагчингуудын зан авирт хэвийн бус өөрчлөлт ажиглагдаагүй болохыг амьтны хүрээлэнгийн захиргаанаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Аюулгүй байдлын ноцтой зөрчил гарсантай холбогдуулан Ичикава хотын амьтны хүрээлэн хатуу арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал, Панчийн амьдардаг бүс рүү нэвтрэх хөдөлгөөнийг шууд хязгаарлаж, халдлагаас сэргийлэх тор суурилуулахын зэрэгцээ байнгын хамгаалалтын эргүүл гаргахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн цаашид ийм төрлийн зүй бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор макака сармагчингийн бүсэд дүрс бичлэг хийхийг бүрмөсөн хориглох асуудлыг удирдлагуудын түвшинд хэлэлцэж байна.
Эх сурвалж:
• inkl.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.