Зургаан настай сурагч багшийгаа буудсан хэрэгт сургуулийн удирдлагыг шүүж эхэллээ
АНУ-ын Виржиниа мужийн Ньюпорт Ньюс хотод байрлах "Richneck" бага сургуулийн захирлын туслах асан Эбони Паркерийн эрүүгийн шүүх хурал албан ёсоор эхэллээ.
Тэрээр 2023 онд зургаан настай сурагч ангидаа галт зэвсэг авчирч, багш Эбигейл Звернерийг буудсан ноцтой хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд шүүгчид 84 хүнээс бүрдсэн нэр дэвшигчдээс тангарагтны төлөөлөгчдийг сонгох үйл явцыг эхлүүлээд байна.
Прокуроруудын зүгээс Эбони Паркерт хүүхэд үл хайхарсан найман удаагийн онц ноцтой эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эдгээр найман зүйл анги нь хэрэг гарах үед сурагчийн авчирсан гар буунд байсан найман сумтай шууд холбоотой ажээ. Зүйл анги тус бүр дээд тал нь таван жилийн хорих ялтай бөгөөд хэрэв бүх хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 40 жил хүртэл хугацаагаар торны цаана суух эрсдэлтэй нүүр тулж байна. Харин шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгчид уг халдлагыг урьдчилан таамаглах боломжгүй байсан гэж тайлбарлажээ.
Яллагч тал Паркерийг хүний амь насанд хэт хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь халдлага гарах өдөр ирсэн олон удаагийн анхааруулгыг үл тоосон явдал юм. Тодруулбал, сурагч галт зэвсэгтэй байж болзошгүй талаар ажилчид болон сурагчдаас дор хаяж гурван тусдаа анхааруулга ирсэн боловч тэрээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Сургуулийн зөвлөх болон бусад ажилтнууд хүүхдийн биед нэгжлэг хийх зөвшөөрөл хүссэн ч Паркер "хүүхдийн халаас гар буу багтахааргүй жижигхэн" гэх шалтгаанаар татгалзаж, ээжийг нь иртэл хүлээх шийдвэр гаргажээ. Түүнчлэн цагдаа дуудаагүй, сургуулийн захиралд мэдэгдээгүй, сурагчийг ангиас гаргаагүй зэрэг нь хэргийг хүндрүүлэх үндэслэл болж байна.
Уг эмгэнэлт хэргийн хохирогч болох багш Эбигейл Звернер уншлагын ширээний ард сууж байхдаа гар болон цээжиндээ буудуулсан юм. Тэрээр нийт зургаан удаагийн мэс засалд орж, зүүн гартаа байнгын гэмтэл авсан бөгөөд цээжинд нь үлдсэн сумыг авах нь хэт аюултай тул хэвээр үлдээжээ. Шүүх хуралдааны үеэр "J.T" хэмээн нэрлэгдэж буй зургаан настай сурагч ээжийнхээ цүнхнээс 9 мм-ийн гар бууг авахын тулд шүүгээн дээр авирсан болох нь тогтоогдсон. Сурагчийн ээж Дежа Тейлор хүүхдээ үл хайхарсан болон холбооны галт зэвсгийн хууль зөрчсөн хэргээр өмнө нь дөрвөн жилийн хорих ял сонссон юм.
Уг эрүүгийн шүүх хурлаас өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сард иргэний хэргийн шүүхээс Паркерийг ноцтой хайхрамжгүй үйлдэл гаргасан гэж үзэн, хохирогч Звернерт 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан бөгөөд шүүгдэгч уг шийдвэрийг давж заалдаж байгаа юм. Эрүүгийн шүүх хуралдаан энэ долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хохирогч Эбигейл Звернер болон сургуулийн бусад ажилтнууд гэрчийн мэдүүлэг өгөхөөр товлогдоод байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.